Чойжилсүрэн.Б 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Төсвийн алдагдлыг богино хугацаанд бууруулах зорилготой хуулийн төслүүдийг дэмжив үү?

Төсвийн алдагдлыг богино хугацаанд бууруулах зорилготой хуулийн төслүүдийг дэмжив үү?

Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт 28 хууль, УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчаас Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжтэй холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчаас ЕБС-д ажиллах орон тооны зохистой харьцаа алдагдаж, төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулах байдал нэмэгдсэнтэй холбогдуулан орон тооны жишиг нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлдэг байх нь зүйтэй хэмээн хуулийн төслийг боловсруулжээ.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж байсныг 50 хувь болгон бууруулах, мөн төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг хангах зорилгоор боловсролын салбарт хуваарилах зардлын хэмжээг тогтоож байдаг зарим норм, норматив, ялангуяа орон тоотой холбоотой нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж байхаар тусгажээ.

Хууль санаачлагчаас нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзэж зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх зорилгоор төрийн улс төрийн, төрийн өндөр, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг 40 хувиас хэтрэхгүй байхаар, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дээрх хуулийн болон тогтоолын төслүүдээс Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй аж. Дээрх хуулийн төсөлд хуулийн хэрэгжих хугацааг 2021 он хүртэл хойшлуулахаар тусгаад байсан юм. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна. Бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн дээрх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.