2016.09.05

Л.Болд: Манай хашаа, Манай малчин, Манай хувьцаа... гэдэг нэртэй болгоод хэрэгжүүлчихээч дээ

Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болоод холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзсэн.

Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Чойжилсүрэн танилцуулсны дараа нилээдгүй гишүүд түүнээс асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. Тэдгээр гишүүний нэг нь Л.Болд. Тэрээр "Сайн" гэсэн үгийг "Манай" гэсэн үгээр солих сонирхолтой гэмээр санал дэвшүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд

“Сайн” хөтөлбөрүүдийн үндсэн санаа, агуулга танай хөтөлбөрт багтсан учраас “Сайн” гэдэг үгийг нь авч хаяад оронд нь “МАН” гэж томоор бичээд “МАНай” болгож өөрчлөөд үргэлжлүүлээд хэрэгжүүлж болох юм биш шүү. Эдгээр хөтөлбөрт гэр хорооллын айл өрх, малчин, оюутнууд, нийт иргэдийг дэмжих, түүнийг эрх ашгийг хамгаалах олон зүйл заалт туссан. Тиймээс “Манай хашаа”, “Манай малчин”, “Манай хувьцаа”, “Манай оюутан” гэж нэрлээд цаашид хэрэгжүүлбэл ард түмэн баярлана." гэсэн санааг дэвшүүлсэн юм. Түүний дэвшүүлсэн энэхүү санал, санаачилгыг дэмжих эсэхээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн илэрхийлсэн юм. 

УИХ, Засгийн газрын шийдвэрүүд нь ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах үүднээс авч хэрэгжүүлж буй аргаа барсан арга хэмжээ бөгөөд нэр бүхий 30 орчим хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих хугацаа нь 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэх учраас 2016 он дарамт багатай өнгөрнө гэдгийг Б.Чойжилсүрэн онцоллоо.

Мөн тэрээр татвар нэмэхэд дуртай хүн байхгүй. Мөнгөтэйсэн бол "Сайн" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлмээр байна. Гэхдээ хууль зөрчсөн хөтөлбөрүүдийг санжүүлэхгүй, мөнгө байхгүй гэдгийг илэрхийлсэн.