2016.09.05

Яагаад нийт 10 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэв?

Өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нийт 10 хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Тэрээр нэр бүхий хуулиудад ямар үндэслэлээр яагаад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагаа нэг бүрчлэн уншиж танилцуулсан юм.

  1. 1. Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай

Хууль санаачлагчаас эдийн засгийн гадаад орчны нөхцөл байдал, дотоод эдийн засгийн хүндрэл нь эдийн засгийг идэвхжлийг сулруулж, төсвийн орлогыг их хэмжээгээр бууруулахад нөлөөлж байгаагийн улмаас Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ний хэмжээ буурахаар байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг зайлшгүй өөрчлөх шаардлагыг бий болгож байна гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын хөтөлбөртэй авцалдахгүй байна, татвар нэмэх нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах зөв шийдэл биш, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах явах нь хямралыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй гэсэн саналуудыг хэлснээр цаашид УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүдийн олонхи үзжээ.

2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байдал, Төсвийн тухай хуулиар олгосон төсвийн тусгай шаардлагуудыг одоогийн түвшинд мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн учраас төсвийн тусгай шаардлагуудыг баримтлах цаг хугацааг дахин сунгах,  шилжилтийн зохицуулалтыг тусгах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед төсвийн төсөөллийг 3 жилээр төлөвлөж чадахгүй юм байж 8 жилээр төлөвлөх боломжгүй. Төсвийн сахилга батыг хангах энэ чухал хуулийг 8 жилээр мөрдөхгүй гэж байгаа бол хүчин болгох хэрэгтэй, эсвэл 4 жилийн давтамжтайгаар эдийн засгийн өөрчлөлтүүдийг тусгах хэрэгтэй гэсэн саналууд ирсэн байна. 

 3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Татвар төлөгчид ирэх дарамт, ачааллыг жигд хуваарилах, тэгш шударга байх зарчмыг бий болгох үүднээс жилийн орлого нь 30 сая төгрөгийн босго тогтоон  10, 25 хувийн шатлал бий болгох, мөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед татвар нэмэх нь буруу.

Хувь хүний халаас руу орох нь оновчтой биш, харин хувь хүний орлогод татвар ногдуулахын оронд хөрөнгө оруулалтын төсөв, хөтөлбөрөөс татгалзах хэрэгтэй зэрэг асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүд илэрхийлсэн байна. Тиймээс энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

4. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Монголбанкинд тушаах алтны хэмжээг 2,5 хувь байсныг 5 хувь болохыг хууль санаачлагч  төсөлдөө тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах шаардлагагүй гэж үзлээ.

5. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Архи, дарс, тамхи, суудлын автомашины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Татварын орлогын гол хувийг эзэлдэг татварыг 2015 оны 1 дүгээр сард бууруулж, онцгой албан татварт 1 ам.долларыг тухайн өдрийн ханш 2000 төгрөгөөр тооцож төлдөг байсныг 1450 болгосноор татварын алдагдалд орсон тул онцгой албан татварыг нэмэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

6. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газраас 150м квадрат талбайтай буюу түүнээс дээш талбайтай орон сууцыг тансаг хэрэглээнд хамруулж, татвар ногдуулах эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгох замаар Монгол Улсын төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Энэ асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

7. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн талаар

Тэтгэврийн даатгалын санг алдагдалгүй ажиллуулах, нийгмийн даатгалын санд олгох татаасын зардлыг бууруулах зорилгоор ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх, шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 7 хувь байсныг өөрчилж, 2017 онд 8 хувь, 2018 онд 9 хувь, 2019 онд 9,5 хувь болгож, шатлалтайгаар нэмэгдүүлэх тухай холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

8. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийн талаар

Монгол Улсын Засгийн газраас тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зардлын ачааллыг бууруулахтай холбогдуулан хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхээс өмнө тэтгэврийн даатгалын тогтолцооны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бодлоготой уялдуулж, хамтын тэтгэврийн тухай асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан байна.  Хуулийн төслийг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүдээс санал гараагүй болно. Уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

9. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Хууль санаачлагчаас эмнэлгийн ТУЗ-ын гишүүдэд олгодог урамшуулалтай холбоотой зардлын үйлчлэлийг түр хойшлуулах зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Асуудлыг хэлэлцэх үеэр байнгын хорооны гишүүдээс санал гараагүй бөгөөд олонхи нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

10. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зарим эх үүсвэр, тэдгээрийн хувь хэмжээнд тодорхой хувиар өөрчлөлт оруулах, орон нутгийн суурь зарлагад хуулийн дагуу хамруулахгүй боловч зарим зайлшгүй санхүүжүүлэх зардлыг орон нутгийн хөгжлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг болох нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үед орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг хязгаарласан атлаа зарлага талыг нэмэхээр оруулж ирсэн нь буруу, 2017 оны төсөвтэй хамт оруулж ирэх нь оновчтой гэсэн саналуудыг гишүүд гаргасан бөгөөд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон байна.