2016.09.05

Л.Болд: Яаж ч зөвтгөх гээд чадахгүй байна

УИХ дахь намын бүлэг дээр ярьдаг, чуулганы хуралдаан дээр ярьдаг зүйлс хоорондоо зөрчилдөж байдаг гээд УИХ-ын гишүүн Л.Болд шүүмжилж байлаа.

Тэрээр чуулганы хуралдаанаар үеэр хэд хэдэн төрлийн татвар нэмж, шинээр татвар ногдуулах болсонд шүүмжлэлтэй хандаж, ингэснээр далд эдийн засаг гаарч, эдгээр арга хэмжээ авснаар гарах үр дагаврыг учирлаж байсан юм.  

УИХ-ын гишүүн Л.Болд: 

"Татварын нэмэгдлээр 400 мянган хүнд татвар ногдох юм байна. Хямрал, хямрал гэсээр байгаад хүндрэлээ хямрал болгож, татвар нэмэх замаар иргэдийнхээ халаасанд хүргэх нь хаанахын туршлага вэ?" гэж асуугаад татварыг 10 хувь болгон бууруулахад татварын орлого нэмэгдэж байсан өмнөх түүхийг дурдаж,  татварын бодлогоор нэг алхам ухарч, компаниудыг далд хэлбэрт түлхэн унагаж байна гэлээ.

Мөн түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны татвар, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөл оруулж ирснийг эрс шүүмжилж, хүүхэд, залуус, хөгшдөд халтай бодлого хэрэгжүүлж байгааг дурдлаа. Тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, цэргийн салбарын орлогыг бууруулах, орон сууцны метр квадратад татвар ногдуулах зэрэг асуудалд хариу тайлбар хүслээ. 

Эдгээр асуулт, саналд дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт орууллаа гэхэд тэнд 400 мянган хүн хамрагдахгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 900 мянга орчим хүн байгаагаас 1,6 хувь нь буюу 14 мянган хүн татварын өөрчлөлтөд хамрагдах юм. Арван жилийн өмнөөс бид 4/10-ын татварын бодлого баримталж ирсэн. Экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед 10 хувийн татвар авч болоод байдаг байжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед 10 хувийн татвар авахаар төсвийн орлого бүрдэхгүй байна шүү дээ. Улсын нэгдсэн төсөв 5,3 их наяд төгрөгийн орлоготой, 9,7 их наяд төгрөгийн зарлагатай, 4,4 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай. Ийм нөхцөл байдал л биднийг угтаж авсан. Аль нэг улс төрийн хүчин хэзээ нэгэн цагт төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ийм арга хэмжээ авах л байсан. Эсвэл энэ чигээрээ санхүүгийн сахилга батгүй байдлыг үргэлжлүүлж, энэ улсаа дампууруулах юм уу?

Монгол Улс онц хүнд байдалд орчихоод байна. Алтны зах зээл далд хэлбэр рүү орохыг үгүйсгэхгүй, гэхдээ ингэж айхгүйгээр орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулаад төсвийн орлогоо тэнцвэржүүлмээр байна. Зарим гишүүд татварын хэмжээг огцом буулгах хэрэгтэй гэж байна. Зарим нь орлогоо бууруулаад, зарлагаа нэмлээ гэж шүүмжилдэг. Архи, тамхины татварыг 20 хувиар нэмэгдүүлэхээр ярьж байна. Иргэд, компаниуд хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ энэ мэтчилэн арга хэмжээнүүд авч, төсвийн орлогоо нэмэгдүүлэхгүй бол нийт улсаараа дампуурах нь байна шүү дээ.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгодог байх шийдвэрийг танай нам сонгуулийн өмнө бүх хүүхдэд олгодог байх шийдвэр гаргасан. Оюутны тэтгэлгийг болиулсан гэж байна. Зөрүүлээд оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийн сан байгуулна гэж төсвийн тодотголд суулгасан.

Шилдэг оюутан, залуусыг дэлхийн топ их сургуулиудад тэтгэлэгтэй сургадаг байсан хөтөлбөр бол сайн. Хөтөлбөрийн сайн, муугийн тухай маргасангүй. Харин эдийн засгийн нөхцөл, боломжиндоо тулгуурлан шинэ хүүхэд бүртгэж авахгүй байхаар шийдсэн. Нэгэнт тэтгэлгээ аваад суралцаж буй хүүхдүүд төгсөн төгсөтлөө санаа зоволтгүй суралцаж болно.