Эрдэнэбат.Д 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Эрдэнэбат: Өмнөх парламентаас илүү ажилла гэж та нөхдийг сонгосон шүү дээ

Хүндэрсэн эдийн засгийг сэргээх гээд байгаа юм уу эсвэл эдийн засгаа сүйрүүлэх бодлого баримтлаад байгаа юм уу? гэж иргэд асууж байна гэсээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын үг эхэлсэн юм.

Тэрээр цааш нь хямралд оруулсан буруутан эзнийг илчилж болно, хариуцлага тооцож болно. Гэхдээ ингэж байх цаг хугацаа бидэнд алга байна. Урагшаа харж, ажлаа хийе л дээ. Хэн хямралд оруулсан гэдгийг судалж тогтоогоод хууль хяналтын байгууллагад гомдлоо гарга л даа. Хичнээн удаа “Өмнөх Засгийн газар” гэж давтаж ярих гэсэн юм бэ? гэж их л бухимдангуй ярьж байсан юм.

...Аудитын байгууллагаар биелэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан мөрийн хөтөлбөрөөр хоёр нам сонгуульд оролцсон болохоо хэлээд энэ мөрийн хөтөлбөрөө л хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардлаа...

Сүүлийн нэг сард нийгмийн бухимдал улам нэмэгдэж байгаа учраас цаг алдалгүй ард иргэдийн итгэлийг дахин олж авах нь зүйтэй гэдгийг ч хэлсэн.

Монголбанкны мөнгөний бодлого, Хөгжлийн банк, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжсэн гурван зүйл төсвийн бодлоготой уялдалгүйгээр өнөөдрийг хүрлээ гэдгийг хэлээд татвартай холбоотой олон асуудал ярьж болохоор байгаа ч энэ тухай ярьж цаг алдалгүй урагшаа харж, ажлаа хийцгээе гэж уриалсан юм.

Засаг барьсан эрх баригчдын хувьд мөнгө хаанаас олох, орлогоо яаж төвлөрүүлэх, зохицуулалтын алдаатай байдлыг 2017 оны төсвөөр яаж засч, залруулах талаар ярьж болохгүй гэж үү гэсэн санал дэвшүүлээд энэ байдлаараа явсаар байвал орон нутгийн сонгуульд ялагдах болно шүү гэж санууллаа.