Жавхлан.С 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

С.Жавхлан: Гэрээ барьж, 2 үнээгээ саагаад, 20 хонио хариулан, 5 ямаагаа сааж амьдрах цаг иржээ

Түүнийг үг хэлж, асуулт асуухаар бусад нь инээж эхэлдэг. Арга ч үгүй биз. Тэр Засгийн газрын ордон, чуулганы танхимд шинэ уур амьсгал нэмж, өөр өнцөг болсон. УИХ-ын гишүүн С.Жавхлан эдийн засаг гэдэг үгийг эд юмаа засаад явахыг хэлнэ гэж тайлбарлалаа. Энэ мэт тэрээр Монгол өв уламжлалаа сэргээж, нүүдэлчин ахуй амьдралаар амьдрахыг нийт гишүүдэд чуулган бүрээр уриалж байхаа энэ өдөр илэрхийлсэн юм.

Тэрээр “чинээлэг” гэж чин элэгтэй хүнийг хэлдэг гэсэн бол хөрөнгө гэдэг нь хөндий, хүйтэн гэсэн утгатай гэж тайлбарласан. Гадаадын хөрөнгө оруулалт гэж ярихын оронд “Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн юм. Авдраа уудал гэдэг үгийн гол санаа нь түмэн олондоо итгэх, ард түмэн рүүгээ хандах тухай асуудал гэдгийг ч тайлбарлалаа.

Бүгд тал нутагтаа гарч амьдаръя

УИХ-ын гишүүн С.Жавхлан: "Том, том байшин, барилгад амьдрах бус бүгдээрээ гэрээ бариад амьдарцгаая. Ингэхгүйгээр амьдрал цаашаа явахгүй. Үүнийг хэзээ нэгэн цагт ойлгоно. Бөмбөгөр цагаан гэрээ бариад, хоёр үнээгээ саагаад, 20-30 хонио хариулаад, 5 ямаагаа саагаад амьдрах цаг ирлээ. Та нар инээж байж болох. Түмэн олон миний саналыг дэмжиж, сайшааж байгаа. Бүгд тал нутаг руугаа гаръя." гээд Сангийн сайдаас "Өөрт байгаа зүйлээ ард түмэндээ өгч, тэдэнд хэрэгтэй зүйлд зарцуулж чадах уу?" гэсэн асуулт асуусан ч түүнийг үг хэлсэнд тооцож, микрофоныг өөр гишүүн рүү шилжүүлсэн юм.