Эрдэнэбат.Д 2016.09.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Эрдэнэбат: АН-ын явсан замаар МАН явна

Сөрөг хүчний өөр нэг хүчтэй төлөөлөл бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. Цагтаа Засгийн газрын гишүүн явсан тэрээр шинэ бүрэлдсэн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрт дурамжхан байна.

Энэ тухайгаа ч чуулганы танхимаас мэдэгдээд авсан. Ингээд түүний УИХ-ын чуулганы 9 дүгээр сарын 2-ны хуралдааны үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Яагаад эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй вэ гэхээр Монголбанкны мөнгөний бодлогоой уялдсан иргэдийн өрхийн орлогын зээл, Хөгжлийн банктай холбогдсон хөрөнгө оруулалтын зээлийг шууд тусгаж автоматаар зарлага талыг өсгөнө гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин улсын төсөвтэй яаж уялдах вэ гэдэг дээр эрх зүйн орчинд нь 2017 оны төсөв хэлэлцэх үед шинэчилье гэвэл дэмжиж болно.

Энэ хүндрэлийн үед АН-ын явсан замаар МАН явна. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хэллээ.Тийм ээ, энэ үнэн. АН-ын үед өр тавиад, иргэн бүр өртэй байна гэсэн танай намын улс төрийн тоглолт УИХ-ын сонгуулийн үеэр хүчтэй явсан нь үнэн. Бидний авсан мөнгө өр юм байна, та нарын авах мөнгө зээл юм байна гэж бодоод өршөөчихье. Энэ үгийг би улс эх орны эрх ашгийн үүднээс хэлж байна. Ингэхийн өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа хоёр дахь шалтгаан бол, орлогын төлөвлөлтөө буруу хийж байна. Ард түмнээс мөнгө авах нь буруу гэж үзэж байна. Энэ асуудлаар МАН-ын цөөнгүй гишүүн байр сууриа илэрхийлж байгаад баяртай байна.

“Муу тусмаа сайн” гэсэн улс төрийн зарчим байдаг. Гэхдээ бидэнд тийм бодол байхгүй.
...Бид эдийн засгийн хүндрэлийн үед хэзээ ч ард түмнийхээ халаас руу орох ёсгүй. Унадаг машин, иддэг хоол, орогнодог байрнаас нь татвар авна гэж дарамтлах нь харгис төрийн шинж...

Орон нутгийн хөгжлийн сан бол орон нутагтаа хийж хэрэгжүүлмээр ажлаа хийчихдэг, орон нутгийг хөгжил рүү түлхсэн сайн хөтөлбөр байсан. Үүнийг танадаг нь буруу гэж үзэж байна. Ядахдаа энэ 330 сумаа “амьд” үлдээе. Тиймээс энэ бодлогоо өөрчлөхийг шаардаж байна.

Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотголоо эргүүлэн татаж аваад байх ёстой зарчмаар оруулж ирэх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.