Жүдог хэн удирдах вэ?
2016.09.06

Жүдог хэн удирдах вэ?

Олимпийн шинэ цикл эхэллээ. Нэг олимп дууссанаар түүнд оролцсон байдалдаа дүгнэлт өгч, дараагийн олимп хүртэлх хугацаанд ямар багаар, ямар менежментээр ажиллахаа төлөвлөдөг ерөнхий систем спортод үйлчилдэг.

Биеийн тамир, спортын газарт өчигдөр, өнөөдөр үндэсний шигшээ багийн 2012-2016 оны бэлтгэл сургуулилт, ажлын болон “Рио-2016” олимпийн наадамд оролцсон баг тамирчдын тайлангийн хурал болж байна.  

Жүдочдын тайлангийн хурал дээр Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох “Олимпод явсан тамирчдын сонголт зөв байсан уу?” гэдэг асуудлыг хөндөж, эрэгтэйчүүдийн 60, 73 кг, эмэгтэй 52 кг-д барилдсан жүдочдын сонголтод эргэлзэж байсан тухайгаа хатуу хэлжээ.

Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын дарга Ц.Шаравжамц “Жүдочид нэг жилд хэтэрхий олон тэмцээнд оролцож, олон удаа жин хасч байгаа нь зөв үү, буруу юу гэдгийг ярилцах хэрэгтэй” гэсэн бол БСШУСЯ-ны Спортын хэлтсийн дарга Х.Бахытжан "Жүдо бөхийн холбоо хөл, толгой нь мэдэгддэггүй.

Ерөнхийлөгч нь тамирчидтайгаа бэлтгэл сургуулилт хийдэг, ерөнхий нарийн бичгийн дарга нь давхар шүүгчээр ажиллаж байна” гэсэн шүүмжлэл дайв.

Хэдийгээр улсын шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг спортын төрийн байгууллага дөрвөн жил тутамд сонгон шалгаруулж, шигшээ баг бүрдүүлдэг ч энэ хугацаанд спорт холбоо яаж ажиллахаас олон зүйл шалтгаална.

Монголын спортын хамгийн жишиг агаад зөв бодлого, менежмент, бүтэц, хариуцлага, амжилт сайтай холбоо бол Жүдогийн холбоо. Тэр утгаараа Риогийн олимпод эрх авч оролцсон тамирчин бүр нь медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой баг гэж харах хүн олон байсан байх. Нэг талаар тийм.

Тэр өнцгөөс харвал “Жүдо бөхийн эрэгтэй баг яагаад медаль авах боломжоо алдав?” гэсэн асуулт энэ холбоонд хүссэн хүсээгүй ирж байгаа. Нөгөө талаас харвал олон оронд өндөр, жигд хөгжсөн жүдо бөхийн төрөлд эмэгтэй тамирчин анх удаа олимпийн медаль авчирсан нь шинэ, том амжилт.

Жүдочид төрийн байгууллагадаа өчигдөр тайлангаа тавьсан бол одоо холбоондоо, халуун тогоон дотроо сайн, муугаа ярилцана. Хэдхэн хоногийн дараа буюу есдүгээр сарын 14-нд хуралдах Монголын жүдо бөхийн холбооны Их хурал спортын хувьд анхаарал татсан үйл явдал байх нь гарцаагүй.

Их хуралд Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцох ба тэдний саналаар холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд сонгогдоно.

Монголын жүдо бөхийн холбоог “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” гурван олимпийн циклд одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга удирджээ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд жүдочдын үзүүлсэн амжилт, Монголын жүдочид дэлхийн чансааг тэргүүлэх болсны үр дүнг яах аргагүй түүнтэй холбож хүлээж авахаас аргагүй.

Хэдийгээр ийм тодорхой гэж хэлж болох дүгнэлтээс түүнийг “Токио-2020” хүртэл холбоогоо дахин удирдах санал авна гэж харж болох ч “Рио-2016” наадамд оролцсон байдлаас шалтгаалан Х.Баттулга ерөнхийлөгч өөртөө хариуцлага хүлээн, ажлаа өгөх тухай сураг сонстож байгаа.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайханыг Жүдогийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй гэсэн сураг сонстов. Энэ нь баттай мэдээлэл биш бөгөөд магадгүй жүдо бөхийн холбоонд хэний ч санаанд ороогүй өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй.

Харин жүдо бөхийн холбооны гишүүд, зүтгэлтнүүд, багш, дасгалжуулагчид Х.Баттулга ерөнхийлөгчдөө дахин итгэл үзүүлэх хүсэлтэй байгаа нь нэг бус хүний байр сууринаас харагдаж байгаа.

Х.Баттулга жүдо бөхдөө үлдэх үү. Тэр багийнхаа хүсэлтийг хүлээж авах уу?Хэрэв явахаар шийдсэн бол Монголын топ спортын хувь заяаг хэнд атгуулах вэ? Эдгээр асуултууд олон улсын хэмжээнд анхаарал татаж байна. Хариулт нь 14-нд тодорхой болно.

Бичсэн: Б.БАДМАА