Эрдэнэ.С 2016.09.07 | Сайт: Vip76.mn

МАН мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг зүйлүүдийг яагаад оруулж ирээд байна вэ?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

МАН-ын мөрийн хөтөлбөр хууль ёсны хөтөлбөр мөн үү? Үндэсний аудитын газраас хянуулсан, Сонгуулийн ерөнхий хороо хянасан улс төрийн хүчний мөрийн хөтөлбөр мөн юм бол ЗГ мөрийн хөтөлбөр нь яагаад ийм зөрүүтэй орж ирж байна вэ?

Өнөөдөр сонгууль болоод хоёрхон сар өнгөрч байхад намынхаа хөтөлбөрөөс 180 градус эсрэг бодлого, шийдвэрүүд оруулж ирээд байна.

Бүх төрлийн татварыг нэмэгдүүлэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэж заасан байсан атлаа түүний эсрэг заалтууд оруулж ирж байна. Бас тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл бас л 360 мянган ахмадын эрх зүйн байдлыг дордуулсан хууль оруулж ирж байна. Батлагдаад хүчин төгөлдөр болсон хуулийг хүчингүй болгож оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Түрүүчийн Засгийн газраасаа хариугаа авч байгаа юм уу?

Танай мөрийн хөтөлбөртэй чинь нийцэж байгаа юм уу? 

Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. 2030 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг бид баталчихсан. 2030 он хүртэл тэтгэврийн насыг нэмэгдүүлэх ямар ч заалт байхгүй.

Төрийн албан хаагчийг хомроглон хална гэсэн нэг ч заалт танай мөрийн хөтөлбөрт байхгүй. Гэтэл 20 мянган төрийн албан хаагчийг хална гэж мэдэгдсэн. Ямар ч үндэслэлгүйгээр түрүүчээсээ хэдэн мянгаар халагдаад эхэлчихсэн байна.