Эрдэнэбат.Ж 2016.09.07 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо

УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, БСШУСЯ-наас бусад есөн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

УБТЗ-ЫН ЕРӨНХИЙ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТОМИЛЛОО

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа. Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам  ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар үзлээ. 

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН  ОЙГ ТЭМДЭГЛЭХ ЗАРДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Товчхон

  • “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа. Журамд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавих шаардлага, түүний эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан байна. 
  • Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, хэлэлцээр байгуулахыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.