Батзандан.Ж Пүрэвдорж.Б Нямбаатар.Х Цогзолмаа.Ц Оюунчимэг.М 2016.09.08

Ерөнхийлөгчийн хоригийн талаар гишүүд ийм байр суурьтай байна

Ерөнхийлөгчийн хоригийн талаар гишүүд ийм байр суурьтай байна
УИХ-ын гишүүн

Ерөнхийлөгч Эрүүгийн хуулийг дагалдах таван хуулийг буцаах асуудалд бүхэлд нь хориг тавьсан. Төрийн тэргүуний тавьсан хоригийг хууль тогтоох байгууллага хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаах тухай УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавиад байгаа юм.

Энэ асуудлаар гишүүдийн байр суурийг сонирхсон боловч ихэнх нь хариулахаас татгалзав. Зарим гишүүний байр суурийг хүргэж байна.

Ц.Цогзолмаа: ХУУЛИЙГ ЁСЧЛОХ  ШАТЫГ АЛГАССАН АЛДААГ ЗАСААД ЯВЖ БАЙНА

УИХ дэгийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанд оруулж ирнэ. Хүлээж авах эсэх дээр санал хурааж байж шийдвэрлэх ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг яагаад хойшлуулав гэх шүүмжлэл нийгэмд их байна. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлах бүрэн боломж байсан.

Харамсалтай нь өмнөх парламент батална гэсэн хуулиудаа цаг хугацаанд нь баталдаггүй. Баталсан ч гэсэн хуулийг ёсчлох шатыг алгассан байсан. Энэ алдааг одоогийн Их хурал засаад явж байна.

Б.Пүрэвдорж: МАН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙСАН Ч ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР УНАНА

Нэгэнт батлагдаад УИХ-аар хэлэлцэгдчихсэн хуулийг Их хурлын тогтоолоор татаж авна гэдэг байж болшгүй зүйл. Тоггоолоор хуулийг өөрчилсөн нь үндсэн хуулийг зөрчсөн байх үндэслэлтэй.

Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авахгүйгээр давж гарсан ч гэсэн Үндсэн хуулийн цэц дээр очоод унах асуудал. АН-ынхан хоригийг хүлээж авах тал дээр идэвхтэй ажиллана. МАН хоригийг хүлээж авахгүй тогтоолоор явах байх.

Гэхдээ цаашдын нөхцөл байдлыг харахад хэн нэгэн иргэн хүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах л юм бол дахиад унана.

Х.Нямбаатар: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИХГҮЙ

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бусад хуулиудтай уялдаж байгаа учраас хэрэгжих боломжгүй хэмээн хойшлуулсан хэрэг. Түүнээс хүчингүй болгосон зүйл биш.

Маш том харилцаа зохицуулж байгаа багц хуулиудыг сургалт зохион байгуулахгүй, төсөвт мөнгө тавихгүйгээр хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл байхгүй.

Энэ бэлтгэл ажлыг бүрэн хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй учраас Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй.

Ж.Батзандан: ОЛОНХ ХҮЧ ТҮРЖ ЭРХЗҮЙН СОЁЛЫГ эвдэж БОЛОХГҮЙ

Хоригийг хүлээж авах эсэх асуудлыг ээлжит бус чуулган 10 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хоригийг нэлээд үндэслэлтэй гэж харж байгаа.

Хуулийг зөвхөн хуулиар өөрчилдөг дүрэм журамтай. Харамсалтай нь энэ парламент өнгөрсөн парламентын баталсан олон хуулийг тогтоол гаргах замаар үйлчлэх хугацааг нь хойшлуулж, хүчингүй болгож байна.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тал лаар бил ажиллана. Олонхийн бүлэг хоригийг ул суурьтай судлах ёстой. Гэхдээ олонх хүч түрж дураараадургиж, эрхзүйн соёлыг эвдэж болохгүй.

М.Оюунчимэг: ХУУЛЬ ХЭРЭГЖИХ НЭРИЙН ДОР ЗАМХРАХ СӨРӨГ ТАЛТАЙ

Эрүүгийн хууль болон түүнийг дагалдах хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт, орон тооны асуудлыг тодорхой тусгаагүй. Энэ нь хууль хэрэгжих нэрийн дор гараад замхрах сөрөг талтай.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг энэ сарын 1 -нээс хэрэгжүүлэх ёстой гэдэгт анхнаасаа хатуу байр суурьтай байсан.

Энэ тухайгаа байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр ч хэлсэн. Эмэгтэй гишүүд дэмжинэ гэдэгт санал нэгтэй байгаа. Энэ хуулийн төслийг УИХ-аар орж ирэхэд ажлын хэсгийг ахлах саналаа ч байнгын хороонд илэрхийлсэн.