Баасанхүү.О 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү: Энэ заалтыг хасч болохгүй

Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрөө шинэчлэн найруулж, УИХ-д оруулж ирснийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр тус хөтөлбөрөөс нэг чухал заалт хасахаар болсонд О.Баасанхүү гишүүн эсрэг байр суурьтай байна. Түүний чуулганы танхимд хэлсэн үгийг товчлон хүргэе. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, "Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, захиргааны зардал, орон тоог улсын төсөв, ДНБ-тэй уялдуулан тогтоох механизмыг бүрдүүлнэ" гэж заасныг хасахаар оруулж иржээ.

Хэрэв энэ заалтыг хасвал улс төрөөс хараат болох юм байна, ил тод биш, шударга бус байж, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхгүй, зардал мөнгөө хэмнэхгүй юм байна гэж ойлголоо.

Энэ заалтыг яагаад хасч байгаа нь ойлгомжгүй байна? Амин сүнс болсон бодлогоосоо татгалзаж байна. Дээрх заалт бол МАН-ын мөрийн хөтөлбөр бус, Засгийн газрын хөтөлбөр биш ард түмний хүсэл гэж ойлгож байна. Ард түмний хүслээс татгалзаж байна гэдэг шившиг. Энэ агуулга хаана нэг газар шингэсэн гэж хэлэх гэж байгаа бол худлаа шүү.

Би энд ганцаараа мэт боловч МАХН-ыг 113 мянган хүн сонгуулиар дэмжсэн. Намайг 100 мянган Орхончууд дэмжсэн. Энэ хөтөлбөр хэрэгжвэл та нарт ч, надад ч ашигтай. Тиймээс дээрх заалтыг хасахыг битгий дэмжээч. Хэрэв кноп дараад олонхи нь дэмжвэл энэ заалтыг хасна гэсэн үг. Хасна гэдэг нь үзэл бодлоо ухарч байна гэсэн үг. Шударга, сайн хүн олон байгаа учраас дэмжихгүй гэдэгт гүнээ найдаж байна.