2016.09.09

Д.Тэрбишдагва: Яамдууд аудитыг ашиглах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газрын тайланд туссан зөвлөмж, санал дүгнэлтүүдийг төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлаас гаргах тогтоолд Засгийн газар болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болгосон заалт болгож тусгаж байх саналыг Эдийн засгий байнгын хорооны дарга гаргалаа. 

Мөн тэрээр төсвийн зарцуулалтын явц байдал, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт зэрэг төрийн хяналт, түүний дотор парламентын хяналтыг чиглүүлбэл зохих асуудлын хэрэгжилтэд Үндэсний аудитын газраар гүйцэтгэлийн аудит хийлгэж, дүнг нь холбогдох Байнгын хороо, шаардлагатай бол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний талаар тогтоол шийдвэр гаргадаг журамд шилжих хэрэгтэйг сануулсан юм. 

Энэ журмыг мөн Засгийн газар, яамдуудад хэрэгжүүлэх, өмнөх онуудын Үндэсний аудитын газрын аудитын тайлангуудад Засгийн газар болон Төсвийн ерөнхийлөн захирагчдад өгсөн зөвлөмж, дүгнэлтүүдийн хэрэгжилтийг Үндэсний аудитын газраас нэгтгэн гаргаж Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах, дээр дурьдсан саналуудыг Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах тогтоолын төсөлд тусгах зэрэг саналуудыг гаргасан юм.