2016.09.09

Цалин, нийгмийн баталгаатай холбоотой зардлыг 5,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Бүлэг, байнгын хороодоос ирсэн саналуудыг үндэслэн Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжих эсэх асуудлаар гаргасан зарчмын зөрүүтэй саналууд байна. УИХ-ын чуулганы дэгийн дагуу Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зөвхөн санал гаргасан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн саналаа тайлбарлана гэж заасны дагуу асуулт байхгүй, үг хэлэх гишүүн байсангүй.

Ингээд урсгал зардал нэмэгдүүлэх тухай, төрийн өндөр болон улс төрийн удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн байгууллагын цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, түүнтэй холбогдуулан урсгал зардлыг  5 тэрбум 325,1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг санал хураалтад оролцсон 56 гишүүний 47 нь зөвшөөрч, 83,9 хувийн саналаар санал дэмжигдлээ.