Хүрэлбаатар.Ч 2016.09.09 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг нэмэгдүүлэх, зарлагын дээд хэмжээ болон, зарлагын өсөлтийг бууруулах замаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг сайжруулах чиглэлээр Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын санал гаргасныг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Г.Занданшатар, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.