Шийдэл нь "НЭГДЭЛ"
“Discover Mongolia” чуулган 2016
2016.09.12

Шийдэл нь "НЭГДЭЛ"

Корпорэйт конвэшн  төвд хоёр өдрийн турш үргэлжилсэн “Discover Mongolia” чуулганы индэр дээрээс цаашид нэгдэх, хамтрах, эвсэх хэрэгтэйг олон хүн хэлж байсан юм.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа “Монгол Улс уул уурхайн салбарт цаашид орон зайгаа хадгалъя гэвэл нэгдэх хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшлийнхэн бүгд үүнийг ойлгож байна” хэмээн ярьсан.

Энэ удаагийн “Discover Mongolia”чуулга уулзалтыг ‘Тогтвортой байдлын төлөө” уриан дор зохион байгууллаа. УИХ- ын сонгуулийн дүнд нэг нам үнэмлэхүй олонх болж, эрх барих болсон учир хөрөнгө оруулагчид ирэх дөрвөн жилд Засгийн газрын бодлого тогтвортой байна гэж найдаж байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ч хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлсэн. Мөн тэрбээр “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг нь олох зорилгоор уг асуудлыг хариуцсан зөвлөл байгуулсан” гэдгийг дуулгасан нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ байв.

Уул уурхайн түүхий эдүүдийн үнэ одоо уналтын мөчлөгийн ёроолд байна гэж Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ энэ үеэр хэлсэн юм. Үнэ хэзээ өсөхийг хэнч яг таг хэлж чадахгүй.

Гэхдээ нэг, хоёр жилийн дараа түүхий эдүүдийн үнэ сэргэж эхэлнэ гэдэг таамаг зонхилж буй юм. Тухайлбал, “Си Ар Ю” группийн Хятад улс дахь салбарын гүйцэтгэх захирал Жон Жонсон “Хятадад зэс, төмрийн хүдрийн эрэлт өсөх магадлалтай байгаа. Үүнийг дагаад түүхий эдийн үнэ нэмэгдэнэ. Монголд байршлын давуу тал бий ч дэд бүтэц, өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй” гэсэн.

Энх цагт хөлс их дусаавал дайны цагт цус бага урсана гэдэг шиг үнийн уналтын үед бэлтгэлээ сайн хийвэл өсөхөд нь орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих, хайгуулын ажлаа эрчимжүүлэх хэрэгтэйг онцолж байсан юм. Монголын экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын цариг нь нарийн байх уу, өргөн үү. Энэ сэдвийг тойрч бид их маргалаа.

Нэгэнт Хятадын талаас нарийн царигийн төмөр зам тавьсан тул манайх ч нарийнаар барих нь оновчтой гэнэ. Засгийн газар ч ийм шийдвэрт ч хүрсэн. Харин одоо санхүүжилтээ шийдвэрлэх хэрэгтэй юм. “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр энэ үеэр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ухаахудаг Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг үргэлжлүүлнэ гэж тусгасан.

Тиймээс энэ бүрэн эрхийн хугацаанд төмөр замыг тавина” хэмээн ярилаа. Одоогоор Гашуунсухайтын боомт хүртэлх 267 км төмөр замын ажил 51 хувийн явцтай байгаа юм байна. Гэхдээ барьсан далангаа арчлахгүй бол 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт овоолсон шороо болох эрсдэлтэй аж. Үүнээс гадна Нарийнсухайт Шивээхүрэнгийн чиглэлийн 13 км, Зүүнбаян Хангийн төмөр замын ажил үргэлжилж буйг дуулгав.

Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийх бас нэг ажил нь Зэс баяжуулах үйлдвэр байх гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн хэллээ.

Тэрбээр “Манай улсад" зэс'' хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд “Оюутолгой” компани баяжмалаа нэн тэргүүнд нийлүүлнэ гэж заасан байдаг. Мөн Монгол Улсад зэсийн баяжмалын үйлдвэр барьж байгуулах талаар техник эдийн засгийн судалгаа, дүгнэлт гаргана гэсэн байдаг.

Энэ дагуу ТЭЗҮ- ийн санал дүгнэлтээ гаргаж саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яа- манд хүлээлгэн өгсөн. Бид ажлын хэсэг гарган судалж байгаа” гэлээ. Зэс баяжуулах үйлдвэрээс хүхрийн хүчил ялгардаг. Үүнийг хэрхэн уст- гахыг олон хүн сонирхож байв.

Энэ талаар эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар “Зэс хайлуулах үйлдвэрээ ураныхтай хослуулж барих хэрэгтэй. Учир нь хүхрийн хүчлийг ураны баяжмал гаргаж авахад ашигладаг. Үндсэн түүхий эд нь юм. Ингэснээр хүхрийн хүчлийг 300 метрийн гүнд булшлах боломжтой болно. Мөн цэвэр зэстэй болох бид- ний мөрөөдөл биелнэ” гэв.

Хятадын зах зээлд нүүрсний үнэ өсөж байна. Өнгөрсөн сарын байдлаар Австралийн коксжих нүүрсний үнэ тн нь 121 ам.долларт хүрсэн нь дөрөвдүгээр сарынхаас бараг 50 хувиар өссөн дүн боллоо. Нүүрсний үнийн гэнэтийн өсөлт нь зах зээл сэргэж буйг харуулсан дохио гэхээс илүүтэй үүлэн чөлөөний нартай адил явдал болж байгааг шинжээчид хэлж байна.

Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар нүүрсний зарим уур- хайгаа хааж, заримынх нь ажлын цагийг танаснаар нийлүүлэлт буурч, үнэ өссөн аж. Том зургаар нь харвал тус улс нүүрсний хэрэглээгээ танаж, ураны, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү аяархан шилжиж буй юм. Тиймээс урт хугацаанд өмнөд хөршийн зах зээлээс эерэг үр дүн гарна гэж найдах хэрэггүй аж.

Харин нүүрсний зах зээлд Энэтхэг улс томоохон тоглогч болон орж ирж байгаа нь үнэд нөлөөлөх боломжтойг Жон Жонсон хэлсэн. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди гангийн үйлдвэрлэлээр Хятадыг давж гарах зорилтоо танилцуулсан нь зах зээлд гэрэл асаасан. Тиймээс нүүрсний салбар дахь шинэ өрсөлдөөнд бэлдэх хэрэгтэй аж.

Уул уурхайн салбар хэдхэн жилийн өмнө төсвийн орлогын гуравны нэгийг дангаараа бүрдүүлж байсан бол одоо 10 орчим хувь болтлоо багассан. Дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ уруудаж, зах зээл хумигдсан гадаад орчны таагүй нөлөө бий ч дотоодын талцал, маргаан бидэнд үүнээс дутуугүй тушаа боллоо.

Тиймээс өрсөлдөөнд биеэ бэлдэж, төмөр замаа тавих, хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэдэг дээр төр, хувийн хэвшлийнхэн нэг санаа- тай байгаа нь чуулганы уур амьсгалаас харагдаж байсан юм. Үнийн уналтын үед нэг бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй дэлхийн акулууд хүртэл нэгдэж байгаа.

Манайхан ч ийм жишиг рүү орж байна. Тухайлбал, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Чинхуа Мак”, “Өсөх зоос”, “Өмнийн говийн элс” зэрэг компани цаашид хамтран ажиллах санамж бичиг бай- гуулж, нүүрсээ нэг үнээр борлуулах талаар тохироонд хүрч буй нь олон жил нэгнийгээ барьж идэхээр тэмцсэний эцэст эвлэрч буй сайн мэдээ боллоо. Ийнхүү эвлэрэл, нэгдлээ зарласан “Discover Mongolia”  хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Хямралын үед нэмэх гэж оролдох нь буруу
Л.Наранбаатар (Эрдэс баялгийн эдийн засагч)

Л.Н: Төсвийн орлого хумигдаж буй үед уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг өсгөх бололцоо байгааг олж харах хэрэгтэй.

Ялангуяа уул уурхайн салбарын бизнес 50, 100 жил үргэлжилдэг учраас хөрөнгө оруулагчид үнийн циклийг анхааралтай ажиглаж, эрсдэлээ удирдаж байдаг. Одоогоор уул уурхайн түүхий эдийн үнэ хямдарсан ч гэсэн УИХ-ын сонгуулийн дүнд нэг нам үнэмлэхүй олонх болсон учир хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.

Харин үнийн уналтын үед үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн аж ахуйн нэгжээ дарамталж, татвар нэмэх гэж оролдох нь буруу юм. Ойрын үед нүүрсний үнэ өссөн. Гэхдээ энэ нь жил орчмын хугацаанд л үргэлжлэх болов уу. Учир нь манай түүхий эдийн гол экспортлогч Хятад улс нүүрснээс татгалзаж, цэвэр эрчим хүчний хэрэглээг өсгөх хандлагатай баййа.

Мөн тус улсын гангийн хэрэглээ ойрын таван жилд өсөхгүй учир эрэлт нь бага байх юм. Үнийн энэ өсөлт нь Хятадын Засгийн газар нүүрсний уурхайнуудын ажиллах цагийг танасантай холбоотойгоор нийлүүлэлт буурсанаас үүдсэн. Мөн Хятад улс коксжих нүүрсний хэрэглээний дийлэнхийг дотоодоосоо хангаж, цаашид үйлдвэрлэлээ өсгөх хандлагатай байгаа нь зах зээлд таагүй мессэж болж буй юм.

Үүнээс гадна ОХУ, Индонез, Австрали зэрэг орнууд өрсөлдөх чадвараа байнга дээшлүүлж, үйлдвэрлэлийн өртгөө бууруулах замаар манайхыг зах зээлээс аажмаар шахаж байна.

Төмөр замаа ойрын хугацаанд тавина
Ц.Түмэнбаяр (Монголын төмөр зам компанийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч):

Ц.Т: Манай нүүрсний уурхайнуудын олборлолтын зардал дэлхийн жишгээс хямд байдаг. Харин тээвэрлэлтийнх нэлээд өндөр. Автомашинаар нүүрс тээвэрлэх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөс гадна хүчин чадал нь дээд хэмжээндээ хүрсэн. Тиймээс ойрын хугацаанд төмөр замаа барьж, тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ.

Ингэснээр өртгөө бууруулж, ашгаа өсгөх боломжтой юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ухаахудаг Гашуунсухайт, Хөөт Бичигтийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулахаар тусгасан. Үүнийг ойрын хугацаанд эхэлнэ. Мөн манай улс далайд гарц нээхээр идэвхтэй ажиллаж байгаа. Улаанбаатар төлөөлөгчийн газраа 2009 онд Тяньжинд нээсэн ч өнгөрсөн онд манай

Засгийн газраас шийдвэр гаргаж энэ байгууллагыг татан буулгасан. Тиймээс одоо уг төслийн чиг үүргийг Монголын төмөр зам компани хүлээн авч ажиллаж байгаа. Тяньжиний Дунзян чөлөөт бүсэд тээвэр ложистикийн төв байгуулан далайн болон их газрын тээврийг уялдуулах боомт барих юм.

Ингэснээр манай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой. Одоогоор уг төслийн ТЭЗҮ бэлэн болсон. Харин санхүүжилтээ хэрхэн босгохоо шийдэхээр ажнллаж байна. Манай хамтрагч ‘Тяньжин порт групп”-тэй яриа, хэлэлцээ хийж байна. Мөн олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллаж буй юм.

Төр, хувийн хэвлшийнхний үгийг сонсож байгаа нь сайн хэрэг
Н.Алгаа (Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал)

Н.А: Коксжих нүүрсний үнийн уналт зогсож байх шиг байна. Тиймээс одооноос монголчууд нэгдэж ажиллах цаг болжээ. Манай улсыг гадаадын олон хөрөнгө оруулагч орхисон. Тэдний итгэлийг эргүүлэн олоход хэцүү.

Үүний тулд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг яаралтай эхлүүлэх, төмөр зам, дэд бүтцээ барьж байгуулах хэрэгтэй байна. Ямартай ч уул уурхайн салбарт эерэг өөрчлөлт гарч эхэлсэн. Засгийн газар алтны татварын хувь хэмжээг нэмэх төслөө татаж авлаа. Эрх баригчид хувийн хэвшлийнхний үгийг сонсож, саналыг нь хүлээн авч буй нь сайн хэрэг.

Мөн одоо хайгуулын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Одоогоор энэ ажил удаашралтай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хялбаршуулсан журмаар, ил тод, шударга явуулна гэж мэдэгдсэн.

Энэ нь маш чухал. 2003 онд “Discover Mongolia” чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулж байхад гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг хайгуул хийхэд маш ирээдүйтэй улс хэмжээн тодорхойлж байсан. Хайгуул бол маш эрсдэлтэй бизнес. Иймд хөрөнгө оруулагчдыг татахын тулд эерэг орчныг л бүрдүүлэх хэрэгтэй.