УИХ-ын төлөөлөл МҮЭ-үүдийн холбооныхонтой уулзлаа
2010.04.22

УИХ-ын төлөөлөл МҮЭ-үүдийн холбооныхонтой уулзлаа

Цалин хөлс, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйлдвэрчний байгууллагаас зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос УИХ-д хандаж ирүүлсэн сонордуулгатай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаааны байнгын хорооны дарга Д.Арвин тэргүүтэй хүмүүс өнөөдөр МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Хямралын үед төрийн албан хаагчдын цалинг нэмж чадаагүй, тэд цалин нэмэгдээгүйнхээ хэрээр хямралыг давахад хувь нэмрээ оруулсан.

Бас ахмадууд маань ч тэтгэврийг нь нэмээгүйн хэрээр бас зохих хувь нэмэр оррулсан гэж үзэж буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд цаашдаа та бүхний гаргасан тооцоо үндэслэлийн дагуу цалин хөлс, тэтгэврийг нэмэгдүүлэхэд УИХ анхаарах болно. Гэхдээ асуудлыг эхлээд нийгмийн зөвшилцлийн дагуу гурван талт хэлэлцээрийн хүрээнд сайн тохирч зөвшилцсөн байх учиртай.

Бас цалин хөлсийг нэмэх дуулиантай байдал, тулгалт шахалт нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, цаашлаад ажил орлогогүй хүмүүсийн амьдралд дарамт учруулах зэргээр нийгэмд сөрөг үр дагавартай юм. Асуудлыг нийгмийн зөвшилцлийн хүрээнд тохирсны үндсэн дээр элдэв дуулиан тарихгүйгээр төсөвт тусгаад зохицуулах боломжтойг онцлов. МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчид УИХ-д хандаж гаргасан сонордуулгадаа төрийн албан хааагчдын үндсэн цалинг энэ онд багтаан 60-аас доошгүй, ирэх онд 50-иас доошгүй хувиар, өндөр насны тэтгэврийг энэ онд 50-иас доошгүй, ирэх онд мөн тэр хэмжээгээр, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны тавдугаар сарын 1-ээс эхлэн 80-аас доошгүй хувиар тус тус нэмэгдүүлэхийг санал болгожээ.

УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж төсвийн тодотголыг хэлэлцэн батлахдаа төсвийн хуваарилалтыг оновчтой хийх, төрийн захиргааны зардлыг бууруулах, тэвчиж болох зардлыг дорвитой танах замаар цалин хөлс, тэтгэврийг нэмэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгах боломжтой гэж ҮЭ-үүд үзэж байгаа аж. ҮЭ-ийн удирдлагууд энэ байр сууриа УИХ-ын дарга, уулзалтад оролцсон Байнгын хорооны дарга нарт дуулгаад Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоотой хийж буй гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй болгоход дэмжлэг үзүүлэх, МҮЭ-үүдийн холбооны саналыг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр анхаарч үзэх, түүнчлэн нийгмийн халамж, хөдөлмөрийн харилцаа, даатгалын асуудалтай холбогдсон гол гол хуулиудыг хэлэлцэхэд үйлдвэрчний байгууллагын санал, оролцоог хангахад анхаарахыг хүслээ.

УИХ-ын дарга уулзалтын эцэст цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд нийгмийн түншлэл хамгийн чухал. Иймээс талууд асуудлыг яаж тохирсон тэр түвшнээр асуудал шийдэгдэж байх зарчим барих болно гээд түншлэлийн харилцаагаа сайжруулахыг тэдэнд зөвлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.