Батзориг.Б 2016.09.13 | Сонин: Үндэсний Шуудан

Б.Батзориг: Засгийн газар ард түмэнд үнэнээ хэлэх ёстой

Б.Батзориг: Засгийн газар ард түмэнд үнэнээ хэлэх ёстой
УИХ-ын гишүүн Б.Батзориг

УИХ-ын гишүүн Б.Батзоригтой ярилцлаа.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт МАН-ын сонгуульд оролцохдоо барьсан мөрийн хөтөлбөр 90 гаруй хувьтай суусан гэсэн. Гэхдээ эхний нэг, хоёр жил эдийн засгийн байдлыг тогтворжуулах тухай ярьж байна. Мөн сөрөг хүчин мөрийн хөтөлбөр тунхаг, тойм шинжтэй болсон гээд байгаа?

Сонгууль болж өнгөрөөд удаагүй байна шүү дээ. Ямар ч байсан УИХ- ын бүтэц бүрэлдэхүүн бүрдээд Засгийн газрын сайд нараа томилоод ажиллаж байна. Засгийн газар 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулахаар оруулж ирлээ.

Ер нь бол улс орны амьдрал дампуурлаа, эдийн засаг зогсонги байдалд орчихлоо, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж байна, ахмадууд тэтгэврийн зээл, зээлийн хүүнд дарлуулж байна гэдэг бодит байдлыг л ярьсан учраас ард түмэн МАН-д 65 суудал өгч итгэл үзүүлсэн.

Одоо ч МАН- аас байгуулсан УИХ, Засгийн газар ард түмэнд үнэнээ хэлэх ёстой. Монгол Улс дөрвөн төсөвтэй явж байсныг бид ил болгож нэг төсөвтэй болголоо шүү дээ.

Одоо хэлэлцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрийн хөтөлбөрт туссан зүйлсээ л оруулж ирсэн. Бид 2016 оны сонгуульд амалж байсан амлалтаа л биелүүлэхийн төлөө ажиллана. Гэхдээ МАН-ын бүлэг шийдвэр гаргаад хүндрэлээс гарахад ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг оролдохоо болихоор болсон.

Бүх төрлийн татварыг нэмэхгүй, цалин хасахгүй, ард түмнийхээ халаас руу орохоо больё гэдэг дээр бид тохирсон. Хямралаас гарах өөр олон арга зам байгаа. Ер нь үе үеийн ийм хүнд байдлаас МАН улс орноо гаргаж байсан шүү дээ.

1992 онд картын бараанд орчихсон байхад Ардын намын Засгийн газар хямралаас гаргаж чадаж л байсан. 1996 онд АН засаг аваад 2000 онд цалингаа тавьж чадахгүй ямар байлаа. Бид аваад бас чадаж л байсан. Энэ удаа бас чадна гэж ойлгож байгаа.

-Гэхдээ яаж?

Миний бодлоор жишээ нь, салбар бүр дээр онцгой комисс байгуулах ёстой. Тэд нь тухайн салбарт ямар боломж байгааг судалж үзэг л дээ. Тухайлбал, мал сайхан өсөөд 75 саяд хүрчихлээ. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхан хөөцөлдөөд жилд 15 сая хонь, ямаа экспортолж болно шүү дээ.

Үүнээс нэг тэрбум ам.доллар олох боломж байгаа. Мөн бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон ноос, ноолуур, арьс, шир гэх мэт дээр зөв бодлого гаргаад экспортлох юм бол дахиад нэг тэрбум ам.доллар олох боломжтой. Ингэвэл малчид, ард иргэд мөнгөтэй болно. Үйлдвэрлэлүүд сэргээд ирнэ.

Үүнийг дагаад хүндрэлээс гарах бүрэн боломжтой шүү дээ. Өнөөдөр банк санхүүгийн жил өнгөрч байхад банкны салбар зах зээл рүү шилжээгүй л байна. Хэдэн банк л ломбард маягаар ажиллаж явж байна шүү дээ. Тэгэхээр бид гадны банк санхүүгийн байгууллагуудыг зоригтой оруулж ирье л дээ.

Ялангуяа банк санхүүгийн чиглэлд эдийн засгийн өөрчлөлтүүдийг зоригтой хийх ёстой. Гадны банк санхүүгийн байгууллагууцыг тодорхой шалгуур, болзолтойгоор оруулж ирээд хөдөлгөх юм бол Монголын зах зээл хөдлөнө. Үндсэндээ монголын зах зээл зогсчихоод байгаа юм л даа.

-Тэгвэл дотоодын банкууд дампуурна, гадны банкийг дагаад улс орноороо эдийн засгийн хувьд гадны хараат болно гэж ухуулдаг?

Тийм юм байхгүй ээ. Зоригтой л ажиллах ёстой. Монгол Улс зах зээлийн системтэй юм бол түүнээс бид айх ёсгүй. Өнөөдөр манай дотоодын банкууд ард түмнээ мөлжиж байгаа биз дээ. Аж ахуйн нэгжүүддээ сарын хоёр хувийн хүүтэй зээл өгч байна.

Тэр чинь жилийн 24 хувийн хүү болно. Ийм өндөр хүүтэй зээл манай орноос өөр газар байдаг юм уу. Тиймээс бид зах зээлийн системд л явж байгаа юм бол гадны банк санхүүгийн байгууллагыг оруулах ёстой.

-Төсвийн алдагдал 4.4 их наяд хүрлээ, дээрээс нь он гараад бондын эхний төлөлт, зээлийн хүүг төлнө. Ийм их дарамттай байгаа нөхцөлд гаднаас л мөнгө босгохоос өөр аргагүй боллоо гэдэг яриа их гарч байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Бид ард түмэндээ болоод дэлхий нийтэд үнэнээ хэлэх ёстой. Мөн манайд хоёр сайхан хөрш байна. Эд нартайгаа учраа ололцоод тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа авч болно. Заавал цалин, татвар гэж ард түмнийхээ халаас руу орохгүйгээр өөр арга замаар шийдэх аргууд байна гэж миний хувьд бодоод байгаа юм.

Түрүүн би хэлсэн хөдөө аж ахуйн салбараас бид хоёр тэрбум ам.доллар олох боломжтой байна. Гадны банк санхүүгийн байгууллагууд оруулаад ирэх юм бол энэ олон өндөр хүүтэй зээлээ болиод бага хүүтэй зээлээ аваад асуудлаа шийдэж болно шүү дээ.

Чингис, Самурай бонд гээд өндөр хүүтэй зээл авсан шүү дээ. Тэгвэл эд нарыгаа бага хүүтэй зээлээр солих ёстой. Дээрээс нь одоо зогсчихсон байгаа том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Засгийн газрын ажлаа зоригтой л явуулах хэрэгтэй байна.

-Гэхдээ Засгийн газраас зориглоод татварыг өөрчлөе гээд оруулаад ирэхээр МАН бүлэг дээрээ хуралдаад улс төрийн шийдвэр гаргаад буцаалгаж байна. Тэгэхээр Засгийн газар зоригтой ажиллах боломж байхгүй юм биш үү?

Иргэд, аж ахуйн нэгжүүд нь ажилгүй болсон үед дахиад дээрээс нь ямар татвар авах юм. Миний хувьд биш харин ч аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих ёстой гэдэг байр суурьтай байгаа.

Үүнийхээ оронд гадны банк санхүүгийн байгууллага оруулж ирэх, экспортыг дэмжих үйлдвэрүүдээ дэмжье. Тэгвэл Монгол Улсад мөнгө орж ирнэ. Татвараа нэмээд бага байгаа орлогоос нь аваад байвал эдийн засаг улам хумигдана биз дээ.

-Оюутны 70 мянган төгрөгийг болиулчихлаа. Мөн ахмад насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг бууруулж байна л даа. Эдгээр хэмнэлтүүдийг олон хүн шүүмжлээд байгаа юм?

Энэ хэмнэлт биш л дээ. Бид иргэддээ үнэнээ хэл гээд байдаг чинь л энэ. Оюутны 70 мянгыг байхгүй болгоогүй. МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлээр сургалтынхаа төлбөрийг төлдөг болгоно гэж тусгасан. Тиймээс оюутны зээлийн сантай болъё гэж байгаа.

Энэ зээлийн сангаас оюутнууд баина. Гэхдээ онд тодорхой хугацаанд ийм болгоё гэж байгаа шүү дээ. Мөн жишээ нь ажилласан жилээр нь олгоё гэх мэт олон хувилбар гарч ирж байгаа.

-Таны хувьд УИХ-ын сонгуульд Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгтэй өрсөлдсөн. Хэдийгээр өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан боловч бэрх л учраа шүү дээ?

Ерөнхий сайддаа гол нь биш л дээ. Улс төрийн хүчнүүд л өрсөлдөж байгаа юм. Орон нутгийн иргэдээ мэддэг нь миний давуу тал байсан. Орон нутгийн ажил амьдралыг мэддэг, иргэд маань намайг таньдаг байсан.

Мөн бид яг үнэн зүйлийг л ярьсан. Улс орон хүнд байгааг, бодлогогүй төр яаж улс орныг самардгыг ажилгүйдэл, ахмадууд тэтгэврийн зээлийн хүүгийн дарамтад байна гэсэн энэ үнэн байдльгг л ярьсан.

Тиймээс иргэд надад итгэл үзүүлсэн. Миний сонгогдсон тойрогт “Дахүрээ”, “Цайз”, “Монел” гээд олон захууд байдаг гэр хороолол л доо. Өнөөдөр ч зарим айл өрхүүд эрчим хүчний хомсдолтой байна шүү дээ. Тэгэхээр гэр хорооллыг хөгжүүлэх, эрчим хүчээр хангах асуудалд анхаарна.

Дээрээс нь хөрсний бохирдол, зам, үеэр усны асуудал хүндрэлтэй байна. Үерийн далан шинээр бий болгох. зам барих асуудал дээр нэлээд анхаарч ажиллая гэж бодож байгаа. Ямар ч байсан тойргийнхоо ажил амьдралыг мэддэг хүний хувьд энэ дөрвөн жил дүүргийнхээ иргэдийн төлөө зүтгэнэ дээ.

-Саяхан таныг Засаг даргаар ажиллаж байхдаа гаргасан газрын хууль 'бус шийдвэрийг эсэргүүцсэн цугларалт болсон. Тэр яг ямар учиртай юм бэ?

Түүнийг би сайн ойлгохгүй байгаа. Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулж л тийм асуудал гарсан байх гэж ойлгож байна. Ер нь бол дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар дур мэдэн газар олгоод байдаггүй шүү дээ. Тухайн жил болгоныг газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж баталдаг.

Тэр төлөвлөгөөнийхөө дагуу л олгодог. Үнэхээр иргэд гомдолтой байгаа юм бол одоо байгаа Засаг даргадаа хандаад асуудлаа шийдүүлж болно шүү дээ. Бүхий л эрх мэдэл нь тэр хүнд байгаа. Миний хувьд бараг таван жилийн өмнө Засаг даргын ажлаа өгсөн. Тухайн үед гарч байсан шийдвэрүүд хуулийн дагуу байсан. Одоо ямар шийдвэрүүд гарч байгааг би мэдэхгүй.