Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд
2016.09.13

Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.

- Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Батлагдаад зөвхөн ёсчлогдох л дутуу байсан хуулийг УИХ-ын тогтоолоор буцааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын гишүүд хэлээд байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

УИХ дээр хууль хэлэлцдэг, баталдаг процесс нэг үг үсгээр тайлбарлагдаад явахгүй юм аа. Хууль өөрөө боловсруулагдах, хууль санаачлагчаас өргөн барих, хэлэлцэх, батлах гэсэн дөрвөн үе шатаар явдаг. Хэлэлцээд алх цохисноор батлагдчихдаг юм биш. Эцсийн найруулгыг сонсох, ёсчлох процессууд явагдах ёстой.

Ингэж байж хууль болж төрдөг. Гэтэл процесс нь дутуу байхад хууль мөн гээд маргаад байгаа юм. Хоолоор ярих юм бол дутуу чанасан хоол шүү дээ. Болоогүй байхад нь гаргаад ирсэн буузыг идэж ч, өөрчилж ч болдоггүй шиг зүйл. Хэрвээ өмнөх парламент эцсийн найруулгатай нь танилцаад, ёсчлоод явчихсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй.

Өмнөх парламентаас одоогийн УИХ-д орж ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ дийлэнх гишүүд нь шинэ хүмүүс байна. Хэлэлцэхэд нь оролцоогүй, батлахад нь байлцаагүй хүмүүст сонсгоод ёсчилж болохгүй. Их хурлын дарга нь бас өмнөх парламентад дарга байгаагүй хүн. Энэ хүн гарын үсэг зураад явна гэхээр болохгүй байгаа юм.

Хуулийн эцсийн хэлэлцүүлэгтэй танилцана, ёсчилно гэдэг чинь саналууд бүрэн гүйцэд туссан эсэх, яг хэлэлцүүлгийн шатанд ярьсан зүйлүүд орсон уу гэдгийг нягтлан шалгаж байгаа процесс л доо. Дээрээс нь үг үсэг, найруулгын хувьд засах, залруулах гэсэн хоёр зүйл яваад байгаа юм. Энэ хоёрыг хийлгүй орхисон гэсэн үг.

Хэрвээ ёсчилъё гэвэл шинэ гишүүдийн хэн нь ч мэдэхгүй учраас сонссон болоод өнгөрнө. Яг хэлэлцүүлгийн шатандаа яригдаж байсан яригдаж байсан агуулгаараа хуулийн зүйл заалт орсон эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Ийм л нөхцөл байдалд орсон учраас үүнийг төсөл гэж ярьж байгаа юм. Өмнөх 2002, 2005 оны УИХ-ын дэгийн тухай хуулиудад батлагдсанаас хойш зургаа хоногийн дотор эцсийн найруулгыг сонсч, ёсчилно гэсэн хуулийн үг байсан. Харамсалтай нь тэрийг аваад хаячихсан байгаа учраас ийм байдал үүсчхээд байна.

-Өмнөх парламент хэлэлцээд батлах шат хүртэл явчихсан хуулиуд шүү дээ. Түүнийг бидний үед хэлэлцээгүй болохоор мэдэхгүй юм байна гээд буцаахаар төрийн залгамж чанарыг ухрааж байна гэж шүүмжлээд байна л даа?

Төрийн залгамж чанарыг ухрааж байгаа асуудал ерөөсөө байхгүй. Бид өмнө нь гарсан бүх хуулийг үгүйсгэж байгаа юм биш. Хэлэлцүүлгийн шатанд байсан хууль, тогтоолууд буцаж байгаа шүү дээ. Нийтдээ 83 орчим хууль буцаж байна уу даа. Эд нартай л агаар нэг зүйл. Бид доторх агуулгыг  нь үгүйсгэсэндээ буцааж байгаа юм биш.

Хуулийн шаардлага хангаж бүрэн хууль болоогүй учраас дараагийн Засгийн газар нь үүнийгээ хийгээд оруулж ир гээд явуулж байна. Буцааж байгаа энэ хуулиудтай уяатай Эрүү, Зөрчлийн тухай хууль ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшилсон.

Энэ буцаж байгаа таван хуулийг Эрүү, Зөрчлийн тухай хуулиас салгах ямар ч боломж байхгүй. Тийм учраас ирэх намрын чуулгандаа энэ таван хуулиа Эрүү, Зөрчлийн хуультай нийцүүлж боловсруулаад оруулж ир гэдэг юмыг яриад байгаа. Энд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн ч юм уу, залгамж чанар алдагдуулсан зүйл байхгүй.

-Гэхдээ л Ерөнхийлөгч буруу жишиг тогтоосон гэж хориг тавьсан шүү дээ?

Бид харин үүнийг шууд ёсчилчих юм бол буруу жишиг тогтох гээд байна. Зүгээр энгийн үгээр хэлэхэд шүүгч хэрэг хэлэлцжээ гэж бодьё. Гэтэл нөгөө хэрэг хэлэлцэхэд байсан шүүгч нь биш өөр шүүгч хэрэг дээр гарын үсэг зурж тогтоол баталж болдоггүй юм. Түүнтэй л агуулга нэг зүйл. Хэрвээ ийм жишиг тогтох юм бол дараагийн парламент ёсчилно биз гээд алх цохиод орхиод явдаг ийм л байдал руу бид очно.

Урд парламентын юмыг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг, дагадаг хэлбэр рүү орно. Хууль гэдэг юм чинь өөрөө хүчинтэй гэж болохуйц хэлбэрийн шаардлагыг  бүрэн хангаж байж хууль болдог. Түүнийг Төрийн мэдээллийн эмхтгэлд хэвлэж олон нийтийн хүртээл болгодог. Дараа нь шүүх хэрэглэнэ. Баталснаас чинь хойш дахиад хүчин төгөлдөр болох, хэрэгжих процессууд бас яваад байгаа биз.

Энэ процессуудын дунд алдаа завхрал үүсээд байгаа учраас буцаахаас өөр аргагүй. Хэрвээ сөрөг хүчнийхний зүгээс яриад байгаа хэлбэрээр батлаад явлаа гэхэд дараа дараагийн парламентын хугацаанд маш ойлгомжгүй байдал үүснэ. Өнөөдөр УИХ-ын Дэгийн хуульд зарим нэг өөрчлөлт хийх ёстой. Хуулийг хэзээ хууль гэж үзэх юм бэ гэдэг яг хуульчилсан тодорхойлолт өнөөдөр хаана ч байхгүй байна л даа.

Гэтэл жишээ нь, Засгийн газрын тогтоол байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайд болон холбогдох сайд нар нь гарын үсэг зурснаар тогтоол нь өөрөө тогтоол болж байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед хэлэлцчихсэн учраас ингээд явуулах ёстой гэж байдаггүй. Яг үүнтэй агаар нэг. Мөн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий эрхийн акт гээд сайд, агентлагийн даргаас тодорхой шийдвэр, тушаал баталдаг.

Тэр тушаалд сайд гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болохгүй. Заавал Хууль зүйн сайд хүлээн зөвшөөрч Хууль зүйн яам бүртгэж байж тэр тушаал гэдэг хэлбэрээ олдог. Гэтэл хууль ёсныхоо дагуу тэр хэлбэржсэн зүйлээ олоогүй байхад нь энэ хууль мөн гээд дайраад байх нь утгагүй байгаа юм.

Алх тогшоод батлагдсанд тооцно гэдэг нь энэ хууль өөрөө хууль мөн шүү гэсэн үг биш. Өөрөөр хэлэх юм бол эхийнхээ хэвлийнээс толгой нь цухуйсан хүүхэд юм. Гарч ирээд хүүхэд болтол зөндөө юм байна шүү дээ. Энэ процессууд нь дуусаагүй байхад сөрөг хүчин хууль гээд үндэслэлийг нь тайлбарлахдаа шүүхийн шинэчлэлээс ухарч байна гэж яриад байгаа. Буцсан, ухарсан юм ерөөсөө байхгүй.

Доторх агуулгыг нь бид ерөөсөө яриагүй. Үүний дотор талын агуулгыг нь уншиж үзсэн гишүүн ч цөөхөн байгаа байх. Өмнөх парламентад сууж, ажлын хэсэгт нь орж, хэлэлцэхэд нь байлцсан гишүүд л үүнийг мэдэж байгаа байгаа. Өнөөгийн парламентын олонх нь шинэ гишүүд байна. Энэ хүмүүс эдгээр хуулийн талаар юу ч мэдэхгүй байгаа шүү дээ.

-Ёсчлоогүй байсан хуулийг УИХ- ын тогтоолоор буцаасан тохиолдол анх удаа гарч байгаа. Чуулганы хуралдаан дээр Г.Занданшатар гишүүн “Үндсэн хуулийн Цэц дээр очоод уначих нам биш биз дээ” гэж байсан. Энэ хэр бодитой бол?

Цэцэд гомдол гаргах нь аливаа хүний эрх шүү дээ. Би Цэцийн өмнөөс энэ нь зөв, тэр нь буруу гэж хэлж чадахгүй. Өнөөдөр мөрдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйл, Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиар үүнийг хууль гэж үзэх ямар ч боломж байхгүй.

-Эрүү зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулсан. Одоо түүний процессын хуулиудыг буцааж байна. Н.Энхбаярыг сонгуульд оролдуулахгуй гэсэн зүйл явагдаж байна гэсэн янз бурийн хардлага гардаг. Үүн дээр юу хэлэх вэ?

Буцааж байгаа хууль дотор хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх эсэх талаар юу ч байхгүй шүү дээ. Энэ чинь эрүүгийн процессын хуупь юм. Хэрвээ хамаатуулж нааж үзэх юм бол мөрдөн байцаагч, шүүгч, прокурор ямар үүрэгтэй юм.

Гэрч, хохирогч, яллагдагч, сэжигтэн, шүүгдэгч ямар үүрэгтэй юм гэдэг зүйл л тэр дотор байгаа. Түүнээс гудамжинд явж байгаа хэн нэгнийг энд хамаатуулах, тэр хүний эрхийг хаасан, боосон ямар ч зүйл, заалт, зохицуулалт энэ дотор байхгүй.

-Удахгүй намрын чуулган эхэлнэ. Хуульзүйн байнгын хороо ямар ажлууд дээр анхаарч ажиллах вэ?

Эрүү болон Зөрчлийн тухай хуулийн хугацааг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан учраас үүнтэй уялдаад энэ ярьж байгаа тав, зургаан хууль намрын чуулганаар орж ирнэ. Түрүүчээсээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өргөн баригдаад хэлэлцэх эсэхийг нь шийдчихлээ.

Яахав УИХ- ын дэгийн хуулийн дагуу Хуульзүйн байнгын хороо аливаа ажиллагаанд оролцдогоороо оролцоод явна. Хууль хэлэлцдэг үе шатанд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг тэр бүр хамруулж, санал бодлыг сонсох зүйл хэр хийгдэж байна вэ гэдэг дээр ний нуугүй хэлэхэд би сэтгэл дундуур явдаг. Ард иргэд ямар хууль тогтоомж гарч байна, надтай холбоотой ямар хамаарал бүхий асуудал хэлэлцэж байна гэдгийг      өнөөдөр хэвлэл мэдээлэл, бусад зүйлээс л авч байна.

Мэдээж төлөөллөөрөө буюу УИХ-ын гишүүдээр санал бодлоо дамжуулдаг хүн бий. Гэхдээ дамжуулах боломжгүй нэг нь ч байна шүү дээ. Би УИХ-д өргөн баригдаад байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хуулиудад ашиг сонирхол ямар      нэгэн байдлаар хөндөгдөж байгаа хүмүүсийг оролцуулсан санал бодлыг нь сонсох шүүмж маягийн ажил явуулж байх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

Ирэх намрын чуулганаар байнгын хороо ийм ажлыг санаачилж зохион байгуулна. Байнгын хороонд орж ирсэн нийгмийн анхаарлыг татсан хуулиуд дээр тодорхой эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүд байгаа бол тэдний санал бодлыг байнгын хорооны гишүүдээр дамжуулан сонсоно. Тэгэхээр тодорхой цагтай болж өргөн баригдсан хуулийн талаар бас хууль санаачлагч нь өөрөө мэдээллээ хийдэг хэлбэр рүү явах болов уу гэж бодож байгаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Одоо 65 суудалтай болсон үедээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийх боловуу?

1992 оноос хойшхи энэ хугацаанд үе үеийн УИХ, Засгийн газар тодорхой хууль тогтоомжуудыг өөрчлөөд бүх зүйлийг цаг үетэй нь нийцүүлээд явахыг хичээгээд ирсэн. Харамсалтай нь энэ яагаад бодитой үр дүн болж тэр хөгжил ард иргэдийн гарт нь баригдаж, тэдэнд наалдаж өгөхгүй байгаа юм гэдгийг бодох ёстой.

Би хувьдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ үүнийг ард түмнээсээ асууж дордуулсан биш дээрдүүлсэн хэлбэрээр явуулах ёстой юм болов уу гэж харж байгаа. Би хоёр танхимтай парламентийн тогтолцоог Монголд байх ёстой гэдэг байр суурь баримталдаг.

Яагаад гэвэл өнөөдөр энэ 76 гишүүний тоо чинь хэдэн намаас хамааралтай яваад байна шүү дээ. Бие даагчид тэр бүр орох боломж бололцоогуй болчихлоо. Тэгэхээр өнөөдрийн байгаа байдлаар ямар нэгэн намын шийдвэрт баригдаж явах нөхцөл бас байж л байгаа юм. Тиймээс 300 орчим сум, 152 хорооноос нэг, нэг хүн гаргаад доод юмуу дээд танхимыг байгуулчих хэрэгтэй.

1990- 1992 онд явж байсан хэлбэр л дээ. Байнгын ажиллагаатай парламент нь нэг танхимдаа хуралдаж байдаг. Дээд танхимаасаа шүүгч, прокурор, Ерөнхийлөгчөө томилдог гэх мэт ажил хийдэг болбол илүү олон нийтийг оролцуулсан төгс хэлбэр гарч ирнэ гэж би хувьдаа хардаг.

-Эдийн засаг хүндэрч, төсвийн алдагдал дөрвөн их наядаар хэмжигдэж байна. Үүнийг дагаад гаднаас зээл авахаас өөр аргагүй болсон тухай их ярих боллоо. Энэ эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах ёстой вэ?

Улс оронд хохирол багатай эдийн засгийн хүндрэлийг туулж гарах ямар боломж байна, тэр бүх боломжийг л ашиглах хэрэгтэй. Гагцхүү үүнийг ард иргэдийн халааснаас татах замаар хямралыг давна, энэ өрийг төлнө гэдэг хамгийн буруу. Засгийн газраас татвар нэмэх, цалин бууруулах санал оруулж ирсэн.

Энэ зүйлсийг эрс эсэргүүцсэн. Ийм зүйлсийг дэмжиж болохгүй. Улс оронд хямралыг туулахын тулд гарч болох ямар боломж байна түүнийг Засгийн газар эрэлхийлэх хэрэгтэй. Түүнийг хийж чадна гэж Засгийн газар байгуулагдаж, энэ хүмүүс сайд болсон. Одоо энэ хүмүүс хийх хэрэгтэй. Шууд хөрөнгө оруулалтаа яаж татах, төсвийн алдагдлыг хэрхэн богино хугацаанд нөхөж эдийн засгийн хямралыг хүндрэлийг давах юм гэдгийг Засгийн газар бодож олох ёстой.

Миний бодлоор хамгийн чухал нь гаднын хөрөнгө оруулалтыг татах талаар түлхүү ажиллах ёстой. Өнөөдөр хөрөнгө оруулалт татахгүйгээр татвар нэмэх юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар зарлагаа танах энэ хэлбэр рүү явах юм бол хамгийн сөрөг үр дүнд хүрнэ. Гэхдээ мэдээж данхайсан төсвийн бүтцийг багасгах нь зөв.

Жишээ нь улсын үйлдвэрийн газрын захирлуудын зарим нь 50, 60 сая төгрөгийн цалин авч байна л гэнэ. 50, 60 мянган долларын цалин авч байна гэнэ. Газрын дарга нар нь тав зургаан сая төгрөгийн цалин авч байна гэнэ. Үүнийг бол болиулах ёстой. Зардал танахыг зүй зохистой хэмжээнд нь явуул. Дээрээс нь мөнгө босгох, олох арга хэмжээгээ хэрэгжүүлэх ёстой. Гадна тийшээ чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас өөр арга байхгүй.