Баасанхүү.О 2016.09.13 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү: Хуулийн байгууллагад Засгийн газар нөлөөлж болохгүй

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр батлагдсанаар "Иргэдийн хяналтын зөвлөл" байгуулах үндэс бүрдсэн. Зөвлөл гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

Яаж гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын төрийн байгууллагууд шударга бус хандаж байгаа эсэхийг тодруулж, хэрэв зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд түүнийг таслан зогсоох юм.

Зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд удирдаж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажилдаа орсон. Тэгвэл "Иргэдийн хяналтын зөвлөл"-ийн чиг үүргийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлсэн юм. Түүний байр суурийг дэлгэрэнгүй хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Иргэдийн хяналтын зөвлөл биш Засгийн газрын хяналтын зөвлөл гэж нэрээ солимоор байна. Монгол Улсын Засгийн газрын гаргасан захирамжийн дагуу, 9 дүгээр сарын 15-наас гадаадын иргэдээс мэдээлэл авч, хууль бус мөрдөн шалгасан эсэхийг тогтоож, аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиг үүрэг хүлээсэн.

Би үүнийг гайхаад байна. Учир нь аливаа эрүүгийн хэргийг  мөрдөн шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд захирагддаг. 

Хууль бус аливаа үйлдэл бол гэмт хэрэг. Засгийн газар нь өөрөө хуулийн байгууллагын нэг, нэг хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, улмаар хуулийн байгууллагад шууд болон шууд бус нөлөөлнө гэдэг бол буруу жишиг. Харин үүнийг Засгийн газрын хяналтын зөвлөл гэж оруулбал нэг мөр амар.

Авлига, албан тушаалын хэргийг шалгахын тулд тухайн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцоно гэсэн үг. Энэ тохиолдолд иргэдийн хяналт гэх зэргээр албан бус ажлын хэсэг байснаас "Засгийн газрын" гэж албажуулсан нь дээр. Одоо бол иргэдийн хяналт гэсэн нэрээр Монгол Улсын Засгийн газар хууль, хяналтын байгууллагыг хянах гээд байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданы хэлдгээр энэ саналыг хүлээж авахгүйгээр хуучнаар нь явах эсвэл ямар үүрэг, оролцоотой зөвлөл болохыг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй."