Эрдэнэбат.Д 2016.09.13 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Эрдэнэбат: Дарханд хүнд үйлдвэр барих нь буруу

Д.Эрдэнэбат: Дарханд хүнд үйлдвэр барих нь буруу

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байх үеэр илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат


"Монгол Улсын аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод, хүнд үйлдвэрийг барихдаа олон хүчин зүйлийг харгалзаж үзэх ёстой гэж заасан. Тухайлбал, нефтийн үйлдвэрийг говийн бүсэд барих шаардлагатай. Учир нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, дотоодын нефтийн нөөцөд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэр барина гэж заасны дагуу төрөөс баримтлах бодлого боловсруулж, батлуулсан. 2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлогод ч энэ санаа туссан.

Гэтэл Дархан-Уул аймагт хүнд үйлдвэр барина гэж оруулж ирж байгаа нь буруу. Өнгөрсөн парламентад зэс хайлуулах үйлдвэр барих тухай асуудлыг хэлэлцэж байхад Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цог Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барина гэж байсан. Гишүүдийг сонгогдсон тойрогтоо УИХ, Засгийн газрын шийдвэрийг чиглүүлэх эрмэлзлэлтэй байдгийг ойлгоно. Гэхдээ улс орны байгаль, экологи, хүн амын эрүүл мэндтэй холбоотой хүнд аж үйлдвэрийн бодлого ярьж байгаа нөхцөлд өөр өнцгөөс харах хэрэгтэй.

...Асуудалд хөнгөн байдлаар хандаж, шийдвэр гаргаж болохгүй гэдэгт би хатуу байр суурьтай байдаг. Дархан, Сэлэнгэ, Орхон нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүс. Тийм учраас энэ бүсэд хүнд үйлдвэр барьж болохгүй гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарсан. Хүнд үйлдвэр өөрөө дагалдах химийн үйлдвэрүүд барих шаарддаг...

Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн бүс хэлбэрээр хөгжүүлэх болохоос биш хүн ам олноор суурьшсан төвлөрсөн газар хүнд үйлдвэр барьж болохгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргасан.

Жишээлбэл, Эрдэнэтэд хүнд үйлдвэр барихаар бол хүхрийн хүчлийн асуудал яригддаг. Ирэх жилүүдэд ачаалал нь нэмэгдэх магадлалтай Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн бүсэд нефть, химийн үйлдвэр барих нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг муу нөлөөтэй.

Тиймээс хувь гишүүний байр сууринаас хандаж болохгүй. Өөр хаана хүнд үйлдвэр барих вэ гэдгээ ярилцаж болно. Дарханд барина гэдгийг дэмжихгүй байна. Хүнд үйлдвэр барих асуудлыг аль нэг бүс нутагт гэж онцлохгүйгээр ерөнхий байдлаар тусгах хэрэгтэй."