Эрдэнэбат.Ж 2016.09.13 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа.

Уул уурхай, эрчим хүч бол Монголын голлох салбар. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон салбарын арга хэмжээг тусгасан. Энэ дөрвөн жилд хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий. 

Үүнээс 12 их наяд төгрөгийн арга хэмжээ нь зөвхөн энэ хоёр салбарт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгжих арга хэмжээний 50 хувь нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой гэсэн үг. Уулзалтаас үр дүн гарах нь чухал. Яриад өнгөрөх биш ямар үр дүн, санал санаачилга гарав гэдгийг дүгнэдэг байх хэрэгтэй” гэлээ.  

Үүний дараа уулзалтад оролцогчид өөрсдийн санал бодлоо солилцов. Тухайлбал, 

"МАК” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир:  -Улс орны эдийн засаг хүнд байгаа. Тиймээс Засгийн газар аж үйлдвэрийг эрчимжүүлж, экспортыг дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. 

Уул уурхай, аж үйлдвэр, нүүрсний салбарын бэрхшээлийг хэрхэн давах, эрх зүйн орчныг яаж сайжруулах, бидний өмнө ямар гох дэгээ байна вэ гэдэгт саналаа нэгтгэж сайд болон дэд сайд нарт хүргүүлсэн. Энэ саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -Уул уурхай улстөржилтөд өртсөн салбар. Урт нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн олон компанийг хэлмэгдүүлж, цөөнгүй уурхайчдыг ажилгүй болгосон. Тэдний хамгаалалтад байсан газрыг хамгаалалтгүй болгож, нинжа нарт найр тавьсан.

Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж, энэ салбарт ажилладаг олон  хүний эрх ашгийг зөрчсөн. Өнөөдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ойлгомжгүй заалт бий.  Энэ хуулийн ерөнхий санаа нь Монгол Улс геологи хайгуулаар ямар нөөцтэй, хаана, юу байгаагаа мэддэг баймаар байна гэж байгаа юм.

Төр хөрөнгөөрөө хайгуул хийж, үүгээрээ хаана, ямар нөөц байгааг мэдэж аваад шийдвэрээ гаргах ёстой. Хуулийнхаа санааг гаргаж харах ёстой. Ашигт малтмалын газар хэрэгжүүлэгч агентлагийн шийдвэр орон нутагт очоод унадаг. Дунд нь аж ахуйн нэгжүүд хохирдог.

Хөдөлгөөнийхөн, улс төрийн популизм хийж байгаа хүмүүс ард түмний өмчийг уул уурхайн компаниуд сүйтгэж байна гэсэн ойлголтыг тарааж байна. Сум болгонд хөдөлгөөн бий болж, уул уурхайн компани руу дайрч  давшилж байна. Ашигт малтмалын тухай хуульд ч өмчийн харилцааны асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй.

Үндсэн хуульд  “Газрын хөрсөн дор байгаа баялаг ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах эрх төрийн мэдэлд байна” гэсэн байдаг. Гэтэл хэзээ компанийн өмч болох вэ гэдэг нь ойлгомжгүй. Бүх зүйлд л ард түмний өмч нэрээр халхавчилж, уул уурхайн компани руу дайрдаг.

Дээр нь нөөц ашигласны төлбөрийг тодорхой тайлбарламаар байна. Энэ төлбөрийг төлсний дараа компанийн өмч болох ёстой. Энэ харьцааг хуульд тусгаагүйгээс популизм хийж байгаа хүмүүсийн олз болж байна.

ШУТИС-ийн профессор Д.Дондов: -Ашигт малтмалын тухай хуульд нэг алдаа бий.  Тэр нь Гадаадын ч дотоодын ч бай хайгуул хийвэл зөвшөөрнө гэсэн заалт.

Үүнийг эргэж хармаар байна. Үүнээс гарц шийдэл хайгаад Стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Энэ бол эерэг алхам. Гэхдээ оруулсан хөрөнгийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн ноцтой үг байгаа юм.  Ерөнхийдөө бүх зүйл чинийх гээд хэлчихсэн.

Нөгөөтэйгүүр Тавантолгойн олборлолтын өртөг өндөр байна. Багануур, Шивээ-Овоо хүнд нөхцөлтэй  байж нэг тонн нүүрсийг 23-25 мянган төгрөгөөр гаргаж байгаа.  Гэтэл Тавантолгой нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр гаргаж байна. Багануураас “Шивээ Овоо”-гоос дээгүүр нөхцөлтэй мөртлөө нэг дахин өндөр өртөгтэй гаргаж байна.

Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны УЗ-ийн гишүүн Ү.Арслаа: Эрчим хүчний салбарынханд итгэж болох хамт олон. 1994 онд хүнд нөхцөлд байхад Засгийн газрын сахилга батын дүрмээр энэ салбарыг хүндрэл багатай давсан.

Тиймээс мэргэжлийнхнээс асуугаач гэж хэлмээр байна. Олон ч Засгийн газрын үед ийм станц тийм станц хувьчлахгүй гэдэг.Одоо үүнийгээ тодорхой болгооч. Эрчим хүчний салбар бол онцгой салбар.

Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ 2004 хувьчилсан. Би анхны захирлаар ажиллаж байсан. Одоо боломжийн ажиллаж байгаа. Хувьчлах бол хувьчилсан шиг, үгүй бол үгүй гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй.