Нэг ч гэсэн бизнес эрхлэгчдээ түнш олж өгөхийн төлөө ажиллана
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
2016.09.14

Нэг ч гэсэн бизнес эрхлэгчдээ түнш олж өгөхийн төлөө ажиллана

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Ингэхэд гадаад харилцааны чиглэлээр яг хэдэн асуудлыг тусгасан юм бэ?

Ерөнхийдөө 13 асуудлыг     тусгасан гэж ойлгож болно.

-Тухайлбал?

Монгол Улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай байдаг. Энэхүү харилцааг эдийн засгийн хамтын            ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх зорилго тавьсан.

Нэг ч гэсэн бизнес эрхлэгчдээ түнш олж өгөхийн төлөө ажиллах үүргийг дипломат төлөөлөгчийн газарт өгсөн. Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг үүгээр дүгнэнэ.

-Тэгвэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар үүрэг, чиглэл өгөв?

Монгол Улсыг гадаадад сурталчлах, давтагдашгүй соёлын өвийг соёлын элч төлөөлөгчөөр дамжуулан сурталчлах ажилд онцгой анхаарах үүрэг даалгаврыг УИХ, Засгийн газраас өгсөн. Мэдээж гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 мянган иргэний эрх ашгийг хамгаалах нь гол асуудал юм.

Ингэхдээ гадаадад байгаа Монгол хүн бүр Монгол төрийн хайр ивээлийг хүртдэг нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Эдгээр асуудлыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргана. Энэхүү төлөвлөгөөний дагуу ажил нэлээд эрчимтэй явж байна.

-Эдийн засаг, түншлэлийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Бид хоёр их гүрэнтэйгээ иж бүрэн стратегийн түншлэл хэрэгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад иргэдийн итгэлийг сэргээх тал дээр ч ажиллана. Энэ чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг УИХ болон Засгийн газарт тайлагнах байх.

-Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс танай яам ямар ажлыг хийж байна вэ?

Монгол Канадын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээр олон жил хүлээлттэй байсан. Сая Канад улсын парламентын нийтийн танхимын дарга айлчлах үеэр гарын үсэг зурагдсан. Ер нь бол гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн чухал асуудал бол эрх зүйн орчин болоод хүний нөөц тогтвортой байх явдал юм.

-Өмнөд Солонгос улсын виз хөнгөвчлөгдсөнтэй холбогдуулан визний хугацаа хэтрэлт нэлээд их байна гэх гомдол бий. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

Солонгос улс руу гарах хүсэлтэй 50 мянган хариуцан ажиллаж байгаа. Солонгосын элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар 95 хувьд нь виз олгосон байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг сард дунджаар 360 хүн визний хугацаа хэтрүүлэн үлдэж байна.

Солонгос улсад хугацаа хэтрүүлэн үлдэж байгаа улс орныг Монгол Улс тэргүүлж байна. Үүнээс болоод визний нөхцлийг хөнгөвчлөх асуудал ярвигтай болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдөр маргаашаа бодож үлдээд байгаа хүмүүсийн нөлөөгөөр виз хөнгөвчлөх нөхцөлийг удаан үргэлжлүүлэхэд амаргүй болж байна.

-Казахстан улсад иргэншил авсан иргэдийг Монгол Улсын иргэншлээс хасах ажил нэлээд удаашралтай байгаа тухай сонссон. Одоогийн байдлаар хэдэн иргэн Казахстан, Монголын давхар иргэншилтэй байна вэ?

Казахстан улс үндэсний эв нэгдлийг илэрхийлээд бусад улсаас өөрийн үндэсний иргэдээ хүлээж авсан. Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас 40 гаруй мянган хүн тус улсын иргэн болсон. 1990- ээд оны сүүлээр 25 мянган иргэн хоёрдмол харьяалалтай болчихоод байсан.

Учир нь, Монгол Улсын харьяатаас гарч амжаагүй байхад Казахстаны иргэн болоод байсан учраас тэр юм. Үүнийг шийдэхийн тулд Казахстан улстай зөвлөлдөх уулзалт хийдэг. Одоогийн байдлаар 2700 орчим хүн давхар харьяалалтай үлдсэн байдаг. Үүнийг шийдэж байна.