Гарамжав.Ц Батзориг.Б А.Сүхбат 2016.09.15 | Сонин: Өнөөдөр сонин

Төв цэвэрлэх байгууламжийн засвар 11 дүгээр сард дуусна

Төв цэвэрлэх байгууламжийн засвар 11 дүгээр сард дуусна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүд

Хэсэгтээ л мартагдсан Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр гэнэт сэргэж, Төрийн ордонд ч хүрэв. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүн  цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Байдал сайнгүй байгааг байгууламжийнхан мэдээлэв. Улаанбаатар хотын нийт айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохирыг хүлээн авч цэвэршүүлдэг тус байгууламжийг шинэчлэлгүй 52 жил болсон тул тоног төхөөрөмж нь хуучирч муудан, доголдох болсон. Тодорхой хэмжээнд арга хэмжээ ирсэн ч нэгэнт л хуучирсан тул нэмэргүй гэнэ. Сүүлийн үед улс, нийслэлийн төсвөөр тавьсан шугам хоолой чанаргүй байгаагаас төвлөрсөн шугам сүлжээнд хөрсний ус их хэмжээгээр орж ирэх болжээ. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжид ирэх бохирын хэмжээг нэмэгдүүлэн, хүндрэл учруулж буйг Ус сувгийн удирдах газрынхан гишүүдэд мэдээлсэн юм.

Хүлээн авч буй усны хэмжээ, химийн бохирдолт нь нэмэгдсэнээс үүдэн цэвэрлэгээний түвшин буурч, өчигдөр л гэхэд 75 хувьтай буюу Туул голд нийлүүлж буй усны хэмжээ стандартад нийцэхгүй байв. Арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах зэрэг долоон чиглэлийн 225 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууламжид бохироо нийлүүлдэг нь өмхий самхай үнэртэх гол эх үүсвэр болчихоод буй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан байдаг ч өдий хүртэл дагалдах журам гаргаагүй учир үйлдвэрүүдтэй хариуцлага ярьж болдоггүй гэнэ.

Эл асуудлыг Засгийн газрын түвшинд хүртэл ярьж, түүхэндээ анх удаа дорвитой засаж, шинэчлэхээр болж, улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөг зарцуулах болсон. Уг нь өнгөрсөн долдугаар сарын 1 гэхэд засаж дуусгахаар төлөвлөсөн ч амжаагүй, хойшлуулсан. Өдгөө засварын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард дуусгах боломжтой гэнэ. Шинэчлэлийн хүрээнд үнэр дарах болон зарим техник технологийг шинэчлэн сайжруулах зэрэг 20 төрлийн ажил төлөвлөсний 12-ыг нь бүрэн дуусгасан, гурав нь огт эхлээгүй, таван нь үргэлжилж буй юм байна.