Бямбацогт.С Н.Алгаа Бямбаа.Т д.энхболд 2016.09.15 | Телевиз: МҮОНТВ, ХМА: Яам

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үгийг сонслоо

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үгийг сонслоо
Хууль зүй, Дотоод хэргийн яам

Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг судалж санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан.  

Энэ ажлын хэсгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахалж байгаа юм. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт уулзаж, санал солилцлоо. Уг уулзалтад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо,  Уул уурхайн үндэсний ассоциаци, Хятадын хөрөнгө оруулагчдын холбоо болон зарим компанийн удирдлагууд оролцсон юм.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Төр байгаа бол хууль байх нь зүйн хэрэг. Хуулийг хүн бүхэн дагаж мөрдөх учиртай. Хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө төрийн захиргааны байгууллагууд ажилладаг. Ингэж ажиллахдаа ард түмэнд хүнд суртал үзүүлэхгүй, дарамт чирэгдэл үүсгэхгүй байх ёстой.

Хэрвээ иргэдэд хүнд суртал гаргасан, дарамт учруулсан бол үүнийг судалж санал дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан. Нэг хууль нөгөөтэйгээ зөрчилддөг хууль, эрхзүйн зөрчлийн тухай цөөнгүй ярилаа.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх зүйн чиглэлд тодорхой асуудлыг шийднэ. Нэг хувийн татвар, жишиг татварын хуулийг батална гэж төлөвлөж байгаа.

Нийтэд нь татвар нэмэх асуудал яриагүй гэдгийг ойлгох ёстой. Дотроо ялгаатай зохицуулалт байгаа юм. Тансаг хэрэглээнд татвар нэмэх асуудал ярьж байгааг ялгаж, салгаж ойлгох учиртай” гэлээ. Уулзалтад оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал,

МАОЭНХ ерөнхийлөгч Х.Ганбаатар:  Хөрөнгө оруулахад бэлэн болсон олон төсөл зогсоод байна. Үүнийг эрхзүйн үүднээс нь шийдээд өгөөч. Оюутолгой дөрвөн тэрбумын хөрөнгө оруулна гээд Засгийн газартай гэрээнд гарын үсэг зурчихсан.

Энэ онд гэхэд нэг тэрбум ам.долларын ажил хийнэ гээд төлөвлөсөн байсан. Гэтэл одоог хүртэл ажлыг нь эхлүүлэхгүй байна. Японы компани хөрөнгөө гаргаад уурхай ажиллуулах саналаа хэлсэн. Лицензээс болоод ажил нь гацчихаад байна.

Гацууртын ордын асуудлыг ч олон дахин ярьж байна. Энэ асуудлаа шийдэхгүй бол хөрөнгө оруулалт татах тухай яриад хэрэггүй болж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэхгүй хэвээрээ л байна шүү дээ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн нөхцөл байдал хүнд байна. Өдөр тутам аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт ирж байна. Үүнийг зогсоох талд анхаарч өгмөөр байна.

Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: Хөнгөн аж үйлдвэрийн салбарынханд нөхцөл байдал ямар байгаа талаар энд товчхон танилцуулмаар байна. Монгол Улсад малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоод хоёр хөрш рүүгээ гаргах гэхээр өндөр татвартай байдаг.

Дотоодын зах зээл дээр борлуулахад хүн ам, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, аюулгүй байдлын зардал гэхмэтчилэн төлдөг. Гэтэл гаднаас импортоор оруулж ирж байгаа олон төрлийн бараа бүтээгдэхүүн ямар ч татваргүй байна. Энэ нь бизнесийн орчинд эрхзүйн үүднээс таагүй нөхцөл байдал үүсгээд байна.

Гадаадаас их хэмжээний хиймэл арьсан, ноосон бүтээгдэхүүн, татваргүй бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнтэй Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд өрсөлдөхөд хүнд байна. Нөгөө талдаа төрийн байгууллагын давхардсан хяналт, шалгалтууд цөөнгүй байна.

Бараа экспортоллоо гэхэд МХЕГ, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт тавьдаг. Нийслэлээс байцаагч томилж, барааныхаа дээжийг өгдөг. Дахиад байцаагчаа дагуулж очоод хариугаа авдаг. Ингээд Мэргэжлийн хяналтаас албан бичиг авдаг. Бараг долоо хоногийн ажил болж байж холбогдох бичгийг нь авдаг. Төрийн байгууллагын шат дамжлагыг цөөлөх хэрэгтэй байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн захирал Д.Энхболд: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох аргачлалыг өөрчилж,  олон улсын худалдааны мөрддөг нийтлэг аргазүйд шилжүүлмээр байна.

Үүний тулд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 .1, Засгийн газрын  2014 оны 88 тогтоолын нэгдүгээр хавсралтыг дахин шинэчлэх шаардлагатай байна. 2013 оноос ашигт малтмалын бүтээгдэхүүний тонн тутамд 1500 төгрөгийн хураамж авч байгаа.

Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан ч шүүхээс хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан. Экспортоор гаргаж байгаа нүүрсний нэг тонн тутамд агаар бохирдуулсны хураамж 1000 төгрөг авдаг. Тэгсэн мөртлөө дотоодод нийлүүлж байгаа нүүрсээс энэ хураамжийг авахгүй гэж байгаа юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид ойлгохгүй байна шүү.

Хятадын хөрөнгө оруулагчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга В.Шагнал: Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хууль эрхзүйн орчин хэр тогтвортой байх вэ гэдэгт их анхаарал тавьдаг. Улс  төрийн нөхцөл байдлаас үүдэн бизнесийн үйл ажиллагаанд нь саад тотгор үүсэхвий гэж эмээдэг.

Монголд бизнес эрхлэхэд давуу, сул талын аль аль нь бий. Жишээ нь, хууль хяналтын байгууллага гадаад, дотоодын компаниудад харилцан адилгүй ханддаг. Ямар нэг алдаа эндэгдэл гарлаа гэхэд шалгах процесс нь удаашралтай байдаг.

Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн саналыг сонссоны дараа ажлын хэсэгт багтсан төрийн байгууллагын төлөөлөл ийнхүү байр сууриа илэрхийллээ.

Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг: Татварын алба хувийн хэвшлийнхэнтэй хоёр чиглэлд ажилладаг. Нэгдүгээрт, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуулиар оногдсон татварыг барагдуулах, өр үүссэн бол хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаардаг.

Хоёрдугаарт, эрсдэл бүхий аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж хариуцлага тооцдог. Нөгөө талдаа татвар төлөгчдөө дэмжсэн үйлчилгээ үзүүлэх чиглэлд нэлээд ажиллаж байна. Худалдааны цэгүүдэд нэг цэгийн үйлчилгээ бий болгож, татвар төлөгчдөд аль болох хуулийг сурталчлах, тэдэнд үйлчлэх чиглэлээр ажиллаж байна.

Монголын эдийн засаг хүндэрсэн ийм цагт татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдаа дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Татварын ерөнхий хууль,аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын хууль гэхмэтчилэн дөрвөн хуулийг Засгийн газарт өргөн барьсан ч хэлэлцэж амжаагүй.

Одоо Засгийн газар эдгээр хуулиудыг дахин өргөн барьж хэлэлцэнэ гэж бодож байна. Засгийн газраас цаашдаа татварын хувь хэмжээг нэмэхгүй, жижиг дунд бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татварт шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Хууль эрхзүйн хувьд таатай нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.

Дүүрэг, орон нутагт хяналт шалгалттай холбоотой гомдол байгаа бол бид эргэж авч үзнэ. Олон байцаагчид  байгаа учраас татвараа бүрдүүлэх гээд янз бүрийн аргаар ажиллаж байхыг үгүйсгэхгүй.

Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгч өртэй түүнийгээ төлөхгүй бол арилжааны банкны дансыг нь хааж байгаад үл маргах журмаар гаргаж авч байсан.

Засгийн газраас чиглэл өгсний дагуу 4000 гаруй аж ахуйн нэгжийн хаагдсан дансыг нээсэн. Оны сүүлд дансаа нээлгэсэн аж ахуй нэгжүүд өрөө төлөх талд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис:  Баялаг бүтээгчдээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө гэдэгтэй санал нэг байна. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энд хоёр асуудал бий.

Бүх компани, аж ахуйн нэгж баялаг бүтээгчид биш. Хар зах зээл гэж ойлголт байдаг та бүхэн мэдэж байгаа. Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ноцолдох биш.

Бид хар зах зээл дээр байгаа буюу төрийн үйлчилгээ авчихаад татвараа төлөх үүрэгтэй байгууллага яагаад зохион байгуулалттайгаар татвараа  нуун дарагдуулж байна вэ гэдэгтэй  хуулийн дагуу тэмцэж байгаа. Тиймээс ч Эрүүгийн хуульд татварын гэмт хэрэгтэй тэмцэх зүйл заалт байдаг юм. Татвараа нуугаад хуулийн байгууллага түүнийг нь илрүүлээд торгуулаад өнгөрөх юм бол хариуцлага болохгүй.

Хохирлоо заавал төлөх ёстой. Манай байгууллагаас   үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж ахуй нэгжид шалгалт хийгээгүй. Татварын байгууллагатай хуулийн дагуу дүгнэлт  гараад гэмт хэргийн шинжтэй байвал хамтарч ажилладаг. Бид өөрсдийн шугамаар гэмт хэрэг илрүүлээд үүнтэй холбоотойгоор татвар хүсэлт тавьж холбогдож ажилладаг.

Цагдаагийн байгууллагын ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд бид хатуу хариуцлага тооцно.  Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба татан буугдсанаар цагдаагийн албан хаагчтай холбоотой зөрчил өссөн гэж яриад байгаа юм. Тийм зүйл  байхгүй гэдгийг хэлмээр байна.

  Гадаад харилцааны яамны Олон улсын эрхзүйн газрын захирал А.Төмөр:  Засгийн газрын тогтоолын дагуу аливаа айлчлал хийх, баримт бичиг гадны орнуудтай байгуулах бол Гадаад харилцааны яаманд мэдэгдэж байхыг даалгасан.

Өөрөөр хэлбэл, нэг цонхны бодлогоор явах гэдэг үүднээс ийм журамтай. Хоёр хөрштэй хил залгаа аймгууд дураараа албан бичигт гарын үсэг зурах явдал  байдаг. Жишээ нь боомт нээх,  лиценз олгох санамж бичиг үзэглэсэн байх нь бий. 

Хэрвээ хууль бус санамж бичиг байгуулсан бол яамнаас хүчингүй болгох эрхтэй. Манайхаас зөвшөөрөл аваагүй байгуулсан орон нутгийн баримт бичгүүд байдаг. Үүнийг байнга анхааруулж байгаа. Жил бүр орон нутгийнханд ЗГХЭГ-тай хамтраад сургалт зохион байгуулдаг.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан шийдвэр бизнесийн байгууллагад хэрхэн тусч байгаа талаар судалгааг 2013 оноос хойш гаргаж байна. Нийтдээ 60 орчим асуудал хөндөгдөж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтыг давхардуулахгүй байх чиглэлд анхаарч байгаа. Тухайн жилд төлөвлөөгүй шалгалтыг байцаагчид дур мэдэн хийвэл хүчингүй болгож, арга хэмжээ авч байгаа.

Нэг байгууллагад давхардсан олон шалгалт ирдэг байсныг болиулж байгаа. Эрсдлийн үнэлгээ хийж, дундаас доош үнэлгээ авсан аж ахуйн нэгжид шалгалт хийнэ. Боломжийн үзүүлэлттэй байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхгүй байгаа. Шилэн хяналтын цэс байгаа.

Тэнд тухайн жилийн төлөвлөгөөт шалгалтын хуваарийг ил тавьчихсан байгаа.  Ер нь хууль бус хяналт  шалгалт хийх нөхцөл боломж хаагдсан. Зөрчил илэрвэл торгохоосоо өмнө зөвлөж, мэдээлэл өгөх чиглэлийг барьж байгаа.