Ардчиллыг хулгайлах эрх хэнд ч байх учиргүй
УИX-ын гишүүн Л.Болд
2016.09.15

Ардчиллыг хулгайлах эрх хэнд ч байх учиргүй

УИX-ын гишүүн Л.Болдтой улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-АН-ын ҮЗХ маргааш хуралдана. Уг хурлаас гарах үр дүн сонирхол татаж байна?

Ийм асуудал шийдэх ёстой, тийм үр дүнд хүрэх ёстой гэж ярихаасаа өмнө хурлаа хийх нь өөрөө чухал болоод байна. Ардчилал гэдэг цуглаж, ярилцаад олонхийн саналаар шийдвэр гаргах зарчмыг анхдагч сууриа болгодог үйл явц.

Ардчилсан нам хурлаа ч хийхээ больсноос хойш нийтээрээ зөвшилцөлд хүрэх, хамтын шийдвэр гаргах гэдэг зарчмыг бүр мартчихсан. Энэ байдал нь хэдхэн хүн намын нэрээр дур зоргоороо аашлах анархизм болтлоо задарч, Ардчилсан намыг жирийн гишүүдээс нь, олон түмнээс холдуулсан.

Одоо ч энэ замаараа яваад байна. Сонгуульд ялагдсан нь ам руугаа алгадуулсны дайны ч цочроо өгөөгүй юм шиг байна, манай намын дарга нарт. Аль халуун зунаар хурал хуйгаа хийж, алдаа ялагдалд хүргэсэн өнөөгийн зарчимгүй байдлаа хазаарлая, хамтаараа асуудлаа шийдэж, ардчилалтай, шинэчлэлтэй нам болъё гэж ярьж байсан. Хойшлуулсаар, унтуулсаар өдийг хүрлээ. Харамсалтай нь Ардчилсан намын ялагдал бол зөвхөн нэг намын ялагдал биш.

Харин ардчилал, хөгжил, шинэчлэлийг дэмжигч ард түмний ялагдал болоод байна. Ийм чухал үүрэгтэй, том орон зайтай намыг ингээд унтуулаад байж болохгүй л дээ. Гэсэр хааныг муу идээнд хордуулж гэрийг нь мартуулаад байлгаад байдаг шиг ард түмэндээ өмөг түшиг  болох ёстой тэр цаг үед нь АН-ыг унтуулаад байна.

-Ер нь танай намын удирдах байгууллага буюу ҮЗХ хурлаа хийдэггүй, агаар салхи ордоггүй явдал эртнээс улбаатай шүү дээ?

2012 оноос хойш бол цөөхөн хуралдсан байх. 2016 он гараад сонгуульд оролцох зарчмын асуудлуудаа шийдэх байсан ч хуралдуулахгүй хэд дахин хойшлуулаад эцэст нь нэр дэвшигчдээ тодруулах хурлыг ор нэр төдий хийгээд өнгөрсөн. Намынхаа бодлого чиглэлийг ярилцаж алдаа оноогоо хэлэлцэх, сонгуульд оролцох тактикаа ярих асуудал бол бүр байхгүй шүү.

Олон удаагийн ийм явуулгын дараа аргаа бараад ҮЗХ-ны хурал дээр хэлье гэж бодож байсан үгээ ил захидал болгон аль нэгдүгээр сард нийтлүүлж байсан. Тэр үед нь хуралдаад бугшсан олон асуудлаа шийдэж сонгуулийн өмнө намын Их хурлаа хийж дүрэм журмаа шинэчлээд авах боломж байсныг анхааруулж байлаа.

Харамсалтай нь гишүүд маань дэмжиж байсан ч намын том дарга нар хааж боосоор өнөөг хүрлээ. Одоо бол эрх мэдлээ МАН-д шилжүүлж өгөөд гудамжинд гарцгаачихлаа, ээлжит бус чуулган хуралдаад дууслаа. Гэтэл бас юугаа хүлээгээд, ямар эрх ашгаа энэ намын нэрээр хангах гээд байлгаад байдаг юм бүү мэд. Угтаа ямарваа хувийн эрх ашгийн төлөө Ардчилсан намыг барьцаалж, ардчиллыг хулгайлах эрх хэнд ч байх учиргүй.

-Танайхныг эрх мэдлийн төлөө улайрч байна гээд байгаа шүү дээ. Гэхдээ эрх мэдэл нь намын дарга л байж таараад байгаа?

Бид ордноос гарч иргэдийнхээ дунд орсон гэдгээ ойлгомоор байна. 1990 онд бидний хэн нь дарга байсан юм бэ. Бүгд эгэл жирийн оюутан, багш, ажилчин байхдаа л бид ардчилсан хувьсгалыг хийсэн.

Монгол Улсад шинэ нийгмийг байгуулсан, ерэн жил тогтсон хатуу дэглэмийг сөрөн нураасан, шинэ үзэл санааг үйл хэрэг болгож чадсан. Одоо ч бид ардчиллаа аварч, хамгаалж, хөгжүүлж чадна, хүчирхэгжиж чадна. Үүнд эрх мэдэл биш эв нэгдэл л хэрэгтэй.

-МАН парламентад үнэмлэхүй олонхи боллоо. Анхдугаар чуулган, ээлжит бус чуулган хуралдаж ирэх дөрвөн жилд энэ улс орон хаашаа явах вэ, хэрхэн хөгжих вэ гэдэгт хариулт өгөх чухал шийдвэрүүд гаргалаа. Та өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?

Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж маш бүрхэг, бүдэг бадаг баримт бичгийг баталсан. Уг нь ард түмэн МАН-д маш тодорхой даалгавар өгсөн юм. Өөрөөр хэлбэл, дангаараа Засгийн газар байгуулж ажилла гэж 65 гишүүнийг сонгосон. Ардчилсан намд ийм бололцоо өмнөх дөрвөн жилд байгаагүй.

Бид үргэлж бусад нам хүчинтэй хамтарч Засгийн газар байгуулж ажиллаж байсан учраас нэг нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байгаагүй. Харин одоо МАН-ын нөхцөл байдал өөр.

Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүү болон зөрчлийн тухай хуулийг буцаалаа. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг үгүйсгэлээ гэх мэтээр ухралт хийлээ. Тоочвол олон зүйл дээр хоёр сар гаруйхны өмнө ярьж амлаж байснаасаа буцсан байна.

Тэдгээрийг тоймлож багцлаад тоо баримтаар баталгаажуулах ажлыг манай МоАН санаачилга ТББ хийж байна, угтаа сөрөг хүчний намуудын л хийх ёстой ажил ч гэлээ.

Ер нь эрх баригчдад тууштай, алсын хараатай бодлого байгаа эсэх, үнэмлэхүй олонхи болсныхоо хэрээр хүчтэй ажиллах потенциал байгаа эсэх нь эргэлзээтэй харагдлаа. Монголд энэ өдрүүдэд байнгын ажиллагаатай парламент үүссэний 26 жилийн ой тохиож байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд парламент суурь зарчмаа сахиж, олонхи нь цөөнхөө сонсч, аливаа асуудлыг аль нэг нам дээр шийддэг биш парламент дотроо хэлэлцэж шийддэг байж, чадахгүй бол тэр бүхнийг иргэд гудамжинд хуулиас гадуур шийдэх замыг сонгодог. Бид нэг л улс оронтой, нэг л ард түмэнтэй.

Хамтарч, ярилцаж, олонхи нь цөөнхөө хүлээн зөвшөөрч, нэгдсэн ойлголтод хүрч байж л бид энэ дөрвөн жилд улс орны амьдралд тустай бодлого шийдвэрүүдийг гаргана. Өнөөдөр улс төрийн шоу, улс төрийн өс хонзон хэнд ч хэрэггүй.

-Та МоАН санаачилгыг жилийн өмнөөс байгуулалцсан. Үнэнийг хэлэхэд Ардчилсан нам дотор фракц байгууллаа, сонгуульд бэлтгэж эхэллээ гэж та бүхнийг хардаж байсан шүү дээ?

Ардчиллаа анхдагч зарчим, суурь үзэл санаан дээр нь аваачъя, аварч хадгалж үлдье, энэ үйл хэргийнхээ төлөө үзэл бодлоороо нэгдэн нийлье гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс нэлээн эртнээс нэг талд ялгарч, ярилцсаар яваад жил орчмын өмнөөс зохион байгуулалтад орсон нь энэ.

Ардчиллын зарчмыг гажуудуулж, ар хударгаар нь ардчилалгүй, зарчимгүй авирладаг байдал Монголд газар авлаа. Тэр дундаа төрийн эрх мэдэл, зохион байгуулалтад нөлөөлөөд эхэллээ гэж харамссан, халагласан хүмүүс улс төрийн аль ч намд, нам бусчуудын дунд ч байдаг. Тэдний үзэл санааг үйл хэрэг болгох үүднээс МоАН Санаачилга байгуулагдсан юм.

Дашрамд дурдахад, өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Ардчилал гэдэг нэг өдөр хувьсгал хийгээд ялчихдаг эсвэл гаднаас импортлоод оруулаад ирдэг зүйл биш. Харин ард түмний хүсэл зориг, дэмжлэг дээр тасралтгүй үргэлжилж байнгын арчилгаа, тордлого, хамгаалалт шаардаж байдаг үйл явц юм.

Тиймээс үүнийг тодотгон нийтийн анхаарлыг хандуулж байх үүднээс НҮБ- ын Ерөнхий Ассамблей жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр гэж зарласан байдаг юм.

Үнэхээр ардчилал бол дан ганц үзэл суртал биш нийгмийн амьдралын нэг хэсэг байх ёстой юм байна гэдгийг туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, түүх маань бидэнд ойлгуулсан. Тэр хэрээрээ МоАН санаачилга шиг байгууллагууд олон байж нийгэм, улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байх ёстой юм.

-МоАН-ынхан удахгүй болох орон нутгийн сонгуульд ямар байдлаар оролцох вэ?

Нэгэнт өнөөдөр нэг нам улс, аймаг, нийслэлийн түвшинд үнэмлэхүй ялалт байгуулж хяналтгүйгээр эрх барьж байгаа. Нөгөөтэйгүүр тэр нам нь засгийн эрх аваад удаагүй байж ардчиллыг бататгаж хүний эрх, эрх чөлөөг шинэ түвшинд гаргасан шинэчлэлүүдийг улайм цайм буцааж байгаа нь тодорхой болсон тул МоАН Санаачилга шиг ТББ-ууд бид улстөржихгүй ээ гээд зүгээр суух боломжгүй болж байна.

Гэхдээ нам, эсвэл түүний доторх фракц шиг хэдэн хүн нэр дэвшүүлээд тэрийгээ мөнгө төгрөгөөр дэмжих биш, эсрэгээрээ дангаар ноёрхох хүчний эсрэг ард түмний дуу хоолой болон дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдэд агуулга, арга зүйгээр туслах нь хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа.

-Хан-Уул дүүргийн намын хорооны хурлаар МоАН- ын гэх хүмүүсийг шахаж МоАХ, Шонхор фракцийнхан дүүргийн сонгуульд нэр дэвшсэн гэх юм. Харин МоАН-ынхан бие даан нэр дэвших боллоо гэсэн яриа байсан. Ингэж талцаж болох юм уу?

МоАН гээд шахсан гэж танаас л сонслоо. Тийм байдлаар асуудалд хандсан бол үнэхээр харамсалтай. Учир нь тэр бие дааж нэр дэвшсэн залуучууд бол Улаанбаатар тэр аяараа улс төрийн газрын зураг нь улаан байхад Хан- Уулыг цэнхэртүүлж төдийгөөс өдий хүртэл явсан дүүргийн хурлын төлөөлөгч, хорооны Засаг дарга, намын үүрийн дарга нар байна лээ.

Уг нь тэд Хан-Уул дүүрэгт МоАН- ыг биш Ардчилсан намыг төлөөлж дүүргийн ард түмэндээ танигдан сүүлийн хоёр сонгууль дараалан манай нам ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс шүү дээ.

Гэтэл дээрэм хийж байгаа юм шиг л хэдэн хүн очиж хурлыг нь үймүүлээд дүрмийн бус санал хураалт зохион байгуулсан нэр зүүж дүүргийн иргэд байтугай намын гишүүд нь мэдэхгүй энд тэндхийн хэдэн хүн дэвшүүлчихсэн л юм билээ.

Ер нь манай намд би эсвэл хэн ч биш гэдэг байдлаар бүхнийг хүчээр авах гэдэг, хууль ёс, хурал хуй гэдгийг дур зоргоороо шийддэг нэг ийм технологи бий болсон л доо. Тэр нь дээрээсээ доошоо очиж хэрэгжиж байгаа юм байна. Ийм башир арга сайн юманд хүргэж байгаагүй. Гэхдээ би тэдгээр залуучуудыг бие даан нэр дэвшиж байгааг нь дэмжихгүй байгаа.

Ингэлээ гээд өрсөлдөгч намынхаа идэш болох магадлал л нэмэгдэнэ. Тэрний оронд намаа авч явсан тэр хүмүүс, одоо намыг нь авчихаад байгаа хүмүүс аль аль нь буулт хийгээд ярилцаад нэгдээд л явах хэрэгтэй.

-Тантай ярьсных сүүлийн үед Э.Бат-Үүл баатрыг яллагдагчаар татсан мэдээлэл шуугиан тарьж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

Ардчилсан нам 1992, 2000 онд яг өнөөдрийнх шиг уналтад орж байсан. Тэр бүрт бидэнд хүнд цохилт, сорилт ирж байсан. Энэ удаад ч давтагдаж байна. Ардчиллыг дүржүүлэн муулах, өөрсдийн бүтэлгүй байдлыг халхлах арга заль хэн нэгнийг золиослох замаар ард олны анхаарлыг сарниулах хэмжээнд хүртлээ боловсорчээ.

Монгол төрд, ардчилалд хичээнгүйлэн зүтгэсэн хүмүүсийг ээлж дараалан зохион байгуулалттайгаар нэр хүндэд нь халдаж, хууль бус аргаар хэрэгт холбогдуулан гүтгэх явдал тогтолцооны хэмжээнд хүртлээ бэхжээд байна. Ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг Э.Бат- Үүлийг хэрэгт холбоотой мэтээр нийгэмд харагдахуйцаар ард иргэдийн анхаарлыг зориуд сарниулан шуугиулахыг удаа дараа оролдож байгаа.

2000 онд бас яг ингэж байсан, тэр үед ард түмэн гайхаж . цочирдож байсан бол өнөөдөр гүтгэлэг, үнэн хоёрыг ялгаж дэнслэхтэйгээ болсон л доо. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртсон, монгол төрийн тулгуурын багана болсон Ардчилсан намын шинэчлэлийн шинэ давалгаа ойртсон чухал, эгзэгтэй үед энэ бүхнийг санаатайгаар зохион байгуулж буй нь Монголын ардчилал ямар аюултай түвшинд оччихож вэ гэдгийг л харуулж буй хэрэг.