Чинзориг.С 2016.09.15 | Сонин: Зууны мэдээ

С.Чинзориг: Хямралд өртсөн хэсэгт нийгэм хамгааллын бодлого хэрэгтэй

С.Чинзориг: Хямралд өртсөн хэсэгт нийгэм хамгааллын бодлого хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Чинзориг

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган хуулийн хуга­цаандаа багтан төсөвт тодотгол хийснийг эс тооц­вол эрх зүйн шинэчлэлээс ухарсан чуулган боллоо гэж сөрөг хүчнийхэн дүгнэж байна. Та ямар байр суурьтай байна?

Хүн бүр асуудалд ямар байр суурь, өнцгөөс хандахаас шалтгаалан хандлага нь өөр өөр байгаа. Миний хувьд УИХ-ын ээлжит бус чуулганаар дэвшүүлсэн асуудлуудаа бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Юуны өмнө анхдугаар чуулганаар Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ээлжит бус чуулганаар Засгийн газрын хийх ажлуудыг нь тодорхойлж өглөө. Тэгэхээр энэ Засгийн газрыг ирэх дөрвөн жил мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж хянаж, шаардах бүрэн боломжтой болсон гэж болно.

Нөгөө талаасаа улс орны нийгэм, эдийн засаг хүндхэн байгаатай холбоотой төсөвт бодлогын зарим өөрчлөлт хийх асуудлыг шийдлээ. Ямартай ч ийм үед татвар нэмэхгүй гэсэн нэгдмэл байр суурьт хүрч чадсан. Мөн төсвийн алдагдлыг бага хэмжээгээр бууруулсан.

Хөрөнгө оруулалтын бодлогод ч бага зэрэг өөрчлөлт оруулсан байгаа. Шинээр баригдах объектод хөрөнгө оруулалт хийхээргүй болж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг нь нэмэхгүй байхаар шийдсэн. Энэ мэтчилэн нийт 80 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын зардлаа бууруул­сан байгаа. Үзүүлэл­түүдийг нь эерэг болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг хийсэн.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МАН-ын мөрийн хөтөлбөрийг бүрэн тусгаж чадсан уу. Та МАН-ын 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан шүү дээ?

Миний хувьд нийг­мийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэр утгаараа нийгмийн бодлогын мөрийн хөтөлбөрт туссан асуудал үндсэндээ бүрэн багтсан гэж үзэж байгаа.

Нэгэнт ард иргэд бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн учраас Засгийн газар энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Сонгогчдод танилцуулж, амалж байсан зүйлүүдийг мөрийн хөтөлбөрт бүрэн тусгаж чадсан.

-Өмнөх парламентын баталсан Хамтын тэтгэв­рийн хуулийг хүчингүй болгочихлоо. Хуулийг хэрэг­жүүлэхгүй байх шалтгаан нь мэдээж төсөв хөрөнгөтэй холбоо­той гэж Засгийн газар тайлбарласан. Харин сөрөг хүчний хувьд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байсан гэж байгаа?

Нийт ахмадын эрх ашгийг хамгаалсан, өгөөжтэй хууль болох нь гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өмнөх эрх баригчид энэ хуулийг батлахдаа хэрэгжүүлэх хугацааг нь 2017 оны нэгдүгээр сарын 1-н болгон хойшлуулсан. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар хань ижлээ алдсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бүх ахмадын эрх ашгийг энэ хуулиар зохицуулж чадахгүй байгаа юм.

Харин бидний хийсэн судалгаагаар өнөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг Хамтын тэтгэврийн тухай хууль бүрэн хангаж чадахгүй байгаа. Нийт тэтгэвэр авч байгаа ахмадын 77 мянга нь хань ижлээ алдсан хүмүүс байгаа юм.

Гэтэл өмнөх Засгийн газар Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулахаар санал болгож, УИХ-д оруулахдаа 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмадуудыг Хамтын тэтгэврийн тухай хуульд хамруулна гээд заачихсан. Гэтэл 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмадуудын тоог гаргахаар 17 орчим мянга болж байна. Тодруулбал, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадуудын дунд 77 мянган ахмад бий. Тэдгээр ахмадын эрх ашгийг бүрэн хангаж чадахгүй буюу нийт ахма­дын 20 хувийг л хангасан хууль хэрэгжихээр болсон.

-Засгийн газраас "Насны хишиг" гэдэг тэтгэв­рийг олгохоор мө­­рийн хөтөлбөртөө оруул­сан. Энэ тэтгэвэр Хамтын тэтгэврийн хуу­лиас юугаараа ялгаатай байх вэ?

Ахмадуудыг алагчлаад байгаа учраас Хамтын тэтгэврийн тухай хуулийг Засгийн газар буцаан татаж, хүчингүй болгохоор болсон. Ингэлээ гээд бид ахмадуудаа харж үзэхээргүйгээр, ор тас орхиж байгаа юм биш. Оронд нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 300 мянган ахмадын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ярьж байна.

Өөрөөр хэлбэл, манай намын мөрийн хөтөлбөрт ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоо­той­гоор Ач санах хуулийг боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн заалт багтсан байгаа.

Мөн ахмадууддаа Монгол Улсын иргэн хүний хувьд өндөр, буянтай нас зооглож байгааг нь хүндэтгээд "Насны хишиг" гэсэн тэтгэвэр олгодог болно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгэхээр МАН энэ мэтээр ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан нийтлэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзээд уг хуулийг хүчингүй болгосон юм.

-Тэгэхээр ахмадуудын одоо авч байгаа тэтгэврийг нэмнэ гэж ойлгож болох уу?

Ахмадуудын одоо авч байгаа тэтгэвэр нь нэмэгдэнэ гэсэн үг. Өндөр нас зооглож байгааг нь төр засаг хүндэтгээд авч байгаа тэтгэврээс нь гадна нэмэлтээр "Насны хишиг" гэсэн тэтгэвэр олгодог болно.

-Төсөв, хөрөнгийн тухайд ямар шийдлүүд яригдаж байна. Мэдээж энэ тэтгэврийг олгоход бас л тодорхой эх үүсвэрийг тооцож гаргах шаардлагатай болно?

"Насны хишиг" тэтгэвэр олгох тухай манай намын мөрийн хөтөлбөрт тусчихсан байгаа. Харин яг хэзээнээс хэрэгжүүлэх, хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болох талаар судалгаа хийж эхлээгүй байна. Хуулийн төслийг боловсруулж өргөн бариад УИХ-д оруулж ирэх үед тодорхой ярилцана.

Одоогоор "Насны хишиг" тэтгэвэр төслийг Засгийн газар боловсруулаад, гишүүдийн гар дээр ирсэн зүйл байхгүй байна. Миний ойлгож байгаагаар өндөр настнууддаа одоогийн нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврээс нь гадна өндөр буянтай нас зооглож буйг нь төр хүндэтгэж нэмэлт тэтгэвэр олгоно гэдэг зүйл ярьж байгаа.

-Үүний зэрэгцээ малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг бас танай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ асуудал юу болж байгаа бол?

МАН-ын мөрийн хөтөлбөрт малчдын нийгмийн даатгалтай холбоотой олон зорилтот бүлэг багтсан. Ялангуяа, малчдад өнөөдөр хоёр асуудал тулгамдаж байгаа. Нэгдүгээрт, улсын хэмжээнд байгаа 1.1 сая ажиллагсдын 30 хувь нь буюу 300 мянга нь малчид байгаа. Гэсэн атлаа эдгээр хүмүүсийн 10 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Тиймээс юуны түрүүнд малчдыг нийгмийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэж бид үзэж байгаа юм. Миний бие УИХ-ын зарим гишүүнтэй хамтраад нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй яваа малчдын төлж чадаагүй байгаа нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төсөл санаачлан, боловсруулсан. Засгийн газар зарчмын хувьд дэмжиж байгаа.

Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байх. Хэрэв хууль батлагдвал манай малчид нийгмийн даатгалын шимтгэлд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь сайжрах юм. Нөгөө талаас малчдын тэтгэврийн настай холбоотой асуудлыг бид эргэж харах ёстой.

Малчдын хөдөлмөр бол маш хүнд. Нар салхинд хамгийн их гандаж элэгдэж явдаг, малчид төв суурин газрын ажиллагсдаас дундаж наслалт нь харьцангуй доогуур байна. Тиймээс малчны тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авчихаад байна. Мөн намрын чуулганаар хэлэлцэх байх.

-Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх байсан Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төслийг хүчингүй болгосон. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?

Малчид цаг наргүй, ажиллах орчин нь ихэнхдээ хөдөө гадаа өнгөрдөг учраас хүнд хөдөлмөр эрхэлдэг гэж үзээд байгаа юм. Тиймээс малчнаар ажилласан нэг жилийг нь 1.5 жил болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулж байгаа. Иймээс малчнаар ажилласан жилийг нь 1.2 жилээр нэмэгдүүлэн тооцдог байх хуулийн төслийг хүчингүй болгосон гэж ойлгох хэрэгтэй.

Малчдын тө­лөөгүй байгаа нийгмийн даатгалыг нөхөн төлөх, тэтгэвэрт гарах насыг урагшлуулах тухай асуудал болон малчнаар ажилласан жилийг нь нэмэгдүүлэн тооц­дог байх гурван хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн товтой байна.

-Хүүхэд бүрт олгодог байсан 20 мянган төг­рөгийг 60 хувьд нь олгохоор болсон. Ер нь нийгэм рүү хандсан халамжийн мөнгийг танаж байгаад иргэд сэтгэл дундуур байгаа?

Нийт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гэдэг саналыг хувьдаа дэмжиж байгаа. Өмнөх Засгийн газар 2016 оны төсвийг бат­лахдаа хүүхдийн мөнгийг зорилтот бү­лэгт чиглүүлнэ гээд нийт хүүхдийн 60 хувьд олгохоор төсөв ба­тал­сан. Төсөв бат­лагдсаны дараагаар Ерө­н­хийлөгчийн байр суурь өөр байсан.

Мөн нийгмийн зүгээс энэ мөнгийг хүүхэд бүрт олгох нь зүйтэй гэдэг асуудлыг ярьсан тул хүүхэд бүрт буцааж олгосон. Гэхдээ өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох мөнгийг 2016 оны төсөвт суулгаж өгсөн атлаа нийт хүүхдэд олгосон. Тиймээс 2016 оны батлагдсан төсөв нь үндсэндээ дууссан байгаа.

Сая төсвийн тодотголоор өмнөх Засгийн газрын эх үүсвэргүйгээр шийдсэн буюу бүх хүүхдэд олгосон мөнгөнд нэмэлт эх үүсвэр гаргаж өгөхийн тулд нийт 73 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд дахин тусгаж өгсөн. Ингэж байж эхний хагас жилд бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг нь олгоод дуусаж байгаа. Үлдэж байгаа хугацаанд зорилтот бүлэгт олгох юм.

-Зорилтот бүлгээс гадна үлдсэн 40 хувьд нь 20 мянган төгрөгийг олгохгүй нь гэсэн эргэлзээ ч явж байгаа шүү дээ?

Үлдсэн 40 хувьд нь мөнгийг нь олгохгүй гэсэн үг биш. 2019 он хүртэл хүүхдийн нэр дээр хадгаламж хэлбэрээр бичилтийг нь хийгээд явна. Эдийн засаг сайжирсан үед бөөнөөр нь олгоно гэж шийдвэрлэсэн.

-Эдийн засаг хүнд байгаа үед ялангуяа нийгэм рүү чиглэсэн халамжуудад түлхүү анхаарах ёстой байтал харин ч мөнгөө танах байдлаар хандаж байгаа нь сайн бодлого биш гэж шүүмжилж байгаа. Ер нь оновчтой бодлого байж чадах уу?

Эдийн засгийн хүндрэлээс  хэрхэн гарах вэ гэдэгт монголчууд бид санал, бодлоо уралдуулах хэрэгтэй. Би эдийн засгийн хүндрэлээс эдийн засгаа хумих байдлаар биш боломжтой бол тэлж байж гарах ёстой гэсэн бодолтой байдаг хүмүүсийн нэг.

Тэр утгаараа эдийн засаг хүндрэлтэй байгаа үед иргэдийн нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд аль болох хүрсэн төвшингөөс нь ухраахгүй, дордуулахгүй байх боломжийг хадгалж үлдэх ёстой.

Төсвийн тодотгол хийх үеэр УИХ аль болох төрийн албан хаагчдын цалин болоод тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөх боломжгүй зэргээр Засгийн газрын оруулж ирсэн саналын эсрэг шийдвэрлэсэн. Энэ нь нийгмийн зорилтот хэсэгт очих ёстой үйлчилгээг одоо байгаа төвшингөөс нь дордуулахгүй байх бодлого болсон гэж үзэж байгаа.

Эдийн засаг хүндрэлтэй байна гээд иргэдийн эдийн засгийг хүрсэн төвшингөөс бууруулж болохгүй. Ялангуяа, ийм үед орлого багатай, эдийн засгийн хямралд хамгийн их нэрвэгдэж байгаа хэсгийг хамгаалах нийгмийн хамгааллын оновчтой бодлого зайлшгүй явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.