УИХ-ын дарга М.Энхболд Ногоон өдрүүдийг нээж үг хэллээ
УИХ-ын дарга М.Энхболд
2016.09.15

УИХ-ын дарга М.Энхболд Ногоон өдрүүдийг нээж үг хэллээ

Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Монгол орны хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарын нийт ажиллагсад, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, энэ салбарын хөгжилд хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн ахмадууд Та бүхэндээ "Намрын ногоон өдрүүд-2016" нэгдсэн арга хэмжээг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлье.

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой билээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг чухал салбар мөн. Энэ утгаараа тус салбарын үйлдвэрлэл жил бүр өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувийг тус салбар бүрдүүлж, нийт ажиллах хүчний 30 хувийг эзэлж байгаа юм.

Монгол Улсын Их Хурал хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор цөөнгүй хууль тогтоомжуудыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан. Тухайлбал “Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого” болон “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Тариалангийн тухай”, “Органик хүнсний тухай” зэрэг суурь хуулиудыг баталж, мөрдүүлж байгааг энд дуулгахад таатай байна.

Түүнчлэн ээлжит бус чуулганаар хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд ногдуулах экспортын гаалийн татварыг хүчингүй болгосон нь малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын тулд малчны хот, тариан талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулан, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгон хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл болон малчид, тариаланчид, үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч Та бүхний хамтын ажиллагаа маш чухал юм.

Та бүхэндээ салбарын бодлогын зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, хүн амыг эх орны  эрүүл, тэжээллэг, аюулгүй хүнсээр хангах нэр хүндтэй үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.“Намрын ногоон өдрүүд-2016” арга хэмжээнд амжилт хүсье.