Оюунчимэг.М 2016.09.16 | Сонин: Зууны мэдээ

Иргэд УИХ-ыг хариуцлагатай байхыг шаарджээ

Иргэд УИХ-ыг хариуцлагатай байхыг шаарджээ
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Иргэд

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

Сүүлийн сард УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гаргасан шийдлийн талаар ахмадууд саналаа хэлж, бизнес эрхлэхэд эдийн засгийн орчин ямар байгааг мэдэхээр жижиг дунд үйлдвэр, өрхийн бичил бизнес эрхлэгчид УИХ-ын гишүүнээс асуулт асууж, нийгмийн халамж, хүүхдийн 20 мянга юу болсныг эмэгтэйчүүд, ээжүүд лавлаж, “Орлоготой оюутан” хөтөлбөр, оюутны 70 мянгаа сураглахаар залуус  ирцгээсэн юм. Иргэд,

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг их хүлээж байна. Дахин төлөвлөлтөд орох болов уу гэж хашаандаа ч юм хийж чадахгүй, байшингаа ч сэлбэж чадахгүй болсон. Хурдан эхлээд, шийд гарвал нэг тийш болгомоор байна. Өмнөх дөрвөн жил хүлээлгэсэн, ирэх дөрвөн жилд шийдэж өгөх үү?

-Цахимаар газар өмчилж авсан ч тэр газруудад дэд бүтэц огт байхгүй, очиход хэцүү юм. Хэзээ тэнд амьдрах боломж бүрдэх нь мэдэгдэхгүй байхад газар өмчилсний төлбөр гэж улирал бүр авдаг. Цөөн төгрөг гардаг ч энэ бол төрийн хариуцлагагүй, хайхрамжгүй ажиллагааны илрэл биш үү?

-Зарим банк тэтгэврийн зээл зургаан сараар авахад хүүгээ эхэнд нь авчихдаг. Хоёр сарын дараа нөгөө хөгшин зээлээ төлөөд, дахин зээлийн хугацаагаа сунгахад дахиад л зургаан сарын хүү авдаг. Энэ мэтчилэн хөгшчүүлийг шулж байна. Үүнийг болиулж өгөөч.

-Эрчим хүч хэрэглэсний төлбөр дэндүү өндөр байна. Нэмээд эрсдэлийн мөнгө гэж авдаг. Энэ ямар учиртай вэ гэхчлэн дор бүрнээ тулгарсан асуудлаа хэлжээ.

Олон иргэн төрөөс, төрийн эрх барих дээд байгууллагад сууж буй УИХ-ын гишүүдээс хариуцлагатай байхыг шаардсан байна. 

Ажлаа таслалгүй, намаараа талцаж ашиг сонирхлын хэрүүл хийлгүй ажилла, чинээлэг давхарга улсдаа нэг удаа тусалж, хувийн хөрөнгөнөөсөө хандив өг, улсын хөрөнгө мөнгийг гадаад, дотоодод байршуулж, мөнгө угаасан гэж өмнөх төрийн эрх барьж байсан хүмүүсийг ярих юм. Тийм байдаг бол тэр хүмүүсийг ил тод зарлаж, үйлдлийг нь баримтаар баталгаажуулж хариуцлага тооцоод ард түмэндээ мэдэгд гэх зэргээр төрөөс хариуцлагатай байхыг шаардсан аж.