Ч.Мэргэн: Хувийн хэвшлийнхэн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчныг сайжруулахыг хүсч байна
2016.09.19

Ч.Мэргэн: Хувийн хэвшлийнхэн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчныг сайжруулахыг хүсч байна

Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлжээ. Хямралын үед улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа бизнес эрхлэгчдийн үг шийдвэр гаргагчид төдийгүй олон нийтийн сонирхлыг татах буй за. Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнээс энэ талаар тодрууллаа.

-Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Сонгуулийн өмнө болсон уг уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн гаргасан санал одоо ч хуучраагүй гэж үзээд, шийдвэр гаргагчдад хүргүүлж байна уу?

-Тийм ээ. Одоогоор шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хараахан гараагүй байна. Түүнчлэн Ерөнхий сайд Эдийн засгийн хүндрэлээс гарах тусгай хөтөлбөрийг боловсруулна гэж зарласан. Аль алинд нь бизнес эрхлэгчдийн саналыг тусгах хэрэгтэй гэж бодож байна. ДНБ-ний 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх учиртай. Бидний санал болгож байгаа тодорхой асуудлууд эдгээрт тусгагдана гэж найдаж байна.

-Монголын бизнесийн зөвлөлийн хэр олон гишүүнтэй вэ. Төрд хүргүүлж байгаа саналыг гаргасан чуулганд хэр олон бизнес эрхлэгч хамрагдсан бол?

-200 гаруй хүн чуулганд оролцсон. Манай зөвлөлийн гишүүдийн тоо 250 орчим байна. ОюуТолгойгоос авахуулаад томоохон компаниуд, банкууд, үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчид гээд бүх салбарынхан багтдаг.

-Шинэ Засгийн газар бүрэлдэж байгаа энэ үед бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид эрх баригчдыг юунд хамгийн их анхаарал хандуулаасай гэж хүсч байна?

- Бид хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид юу хүсч байгааг Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал гэсэн бичиг баримтдаа тусгахыг хичээсэн.

Хамгийн гол хүсч байгаа зүйл бол нэгдүгээрт тогтвортой байдал. Монголын улс төр, эдийн засагт тогтворгүй байдал үүсэх сургаар зээлдэгчдийн хөрөнгийн өртөг нэмэгдэж, Монголын төслүүдийг дэмжих сонирхол буурч улмаар хөрөнгө оруулалт багасахад нөлөөлж байдаг шүү дээ.

Хууль дүрэм өөрчлөгдөх бүрт хувийн хэвшлийнхэн тэдгээр өөрчлөлттэй танилцаж, гарах үр дагаварыг нь судлан, дүгнэлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй.

Аливаа бодлого хууль эрх зүйн өөрчлөлтүүдээс улбаалан компаниуд ажилтануудын тоогоо нэмэх эсвэл бууруулах, хүн хүч болон хөрөнгийн нөөцөө дахин хуваарилах, өртөг болоод үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай болдог.

Тийм учраас аливаа бодлого эрх зүйн өөрчлөлт хийхдээ сайтар төлөвлөж, гарах үр дагаврыг нь тооцож, хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөөч гэж бизнес эрхлэгчид хэлж байна.

Засгийн газар хууль тогтоомжуудыг тогтвортой тууштай мөрдөж, хуулинд гэнэтийн өөрчлөлт оруулах бус урьдчилж хэлэлцэж, төрийн байгууллагуудыг ил тод, нээлттэй бөгөөд тогтвортой ажиллуулахыг бид хүсч байна.

Татвар лиценз, зөвшөөрөл, худалдан авалт гээд төрийн бүх чиг үүргийг ил тод ойлгомжтой, цэгцтэй болгох шаардлагатай.

Яам, агентлагууд, хэрэгжүүлэгч нэгжүүд хувийн хэвшлийнхэнтэй шууд тулж ажилладаг болохоор байнга халаа сэлгээтэй байх нь сөрөг нөлөөтэй. Мега төслүүд болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх зохицуулах нэгжийн ажилд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Эдгээр төслүүдийг хариуцсан албан тушаалтан халагдаж солигдох нь тогтвортой бус байдал үүсгэж, зөвшөөрлүүдийг саатуулан, өртгийг нэмдэг.

-Монголын бизнесийн зөвлөлөөс гаргасан саналд тогтвортой байдал гэдэгтээ Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд 2012 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байна лээ?

-Бид төсвийн сахилга баттай байж чадсангүй. Ямар сайндаа төсвийн алдагдал нь орлогоосоо хоёр дахин давахаар байна гэдэг байж болшгүй үзүүлэлт. Мөнгөний ханшны уналт том асуудал болж байна. Сүүлийн таван жилд эдийн засгийн хүндрэлтэй үед оршин тогтнох гэж бизнесийнхэн сөхөрч байна.

Зээлийн өндөр хүүгээ төлж байна, ажилтнуудаа цомхотгож байна. Ер нь оршин тогтнох бүх арга хэмжээг авч байна. Цуглуулсан бага хэмжээний ашгаа ханшийн зөрүүгээр алдах эрсдэл үүслээ. Мөнгөний ханшийн уналт нь айл өрхүүдэд ч хүндээр тусахаар байна.

-Энд бас Эрдэнэс Монголтой холбоотой нэг сонирхолтой санал байна лээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжээс эдийн засгийн үр өгөөжтэй холдинг компаний хэлбэрт шилжиж байгаа учраас Эрдэнэс Монгол ХХК дээр хийгдэж байгаа хүчин чармайлтыг дэмжин үргэлжлүүлэх гэсэн байна?

-Ер нь бол төрийн өмчит компаниудыг нэг бол хувьчлах эсвэл менежментийг нь дэлхийн жишгээр хувийн хэвшлийн компанийн түвшинд байлгах гэсэн санаа бий.

-Агаарын бохирдол, авилга, боловсрол гээд бүх л талыг хамарсан санал зөвлөмжүүд юм билээ?

-Маш олон хүмүүсийн үзэл бодол санал энд тусгагдсан. Манай нийт гишүүдийн дунд санал асуулга явагдсан. Чуулганы үеэр хүмүүсийн санал, салбарынхны саналыг хүлээн авсан байгаа. Тэгэхээр их олон талтай. Бид аль нэг компани, салбарын асуудлаар хязгаарлагддаггүй. Аль болох Монгол Улсдаа хэрэгтэй, нийтлэг зүйлсийг оруулахыг хичээсэн .

-Хөрөнгө оруулагчид багассан үед дотоодын хөрөнгө оруулагчийг бий болгох санал чухал санагдсан. Тухайлбал хөгжсөн орнуудын туршлагыг хэрэгжүүлэн Тэтгэврийн сан, даатгалын санг дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх гэсэн байна лээ?

-Дэлхий даяар хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг институт тэтгэвэрийн сангууд, хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Энэ тогтолцоог Монголдоо бий болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалтын эх үүсвэр гэхээр танил тал эсвэл банк гэсэн хоёр л хувилбартай болчихоод байдаг.

Тэтгэврийн сангийн менежментийг зөв хийж, зөв хөрөнгө оруулж чадвал иргэдийн тэтгэврийн мөнгийг өсгөх боломжтой. Тэтгэврийн сангийн монополийг чөлөөлвөл асар том хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болно гэсэн үг л дээ.

-Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авч, эдийн засгийг сэргээхийн тулд хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал тухай бас дурджээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэдэгт яг юуг хамруулж байгаа вэ?

-Олон тооны төслүүд хувь хүний үзэл бодол, улстөржилтөөс болж гацаж, цуцлагдсан.

Дэлхийн банк хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого хангалтгүй байгааг тодорхойлсон байдаг. Эдгээр хүчин зүйлд “гэрээг цуцлах, ил тод нээлттэй удирдлага үгүйлэгдэх, сөрөг, учир дутагдалтай өөрчлөлт хууль тогтоомжид оруулах, төрөөс ойлгомжгүй гэнэтийн шийдвэр гаргах, ялгаварлан гадуурхах, өмч хөрөнгийг албадан хураах, өмчийг хууль бусаар шилжүүлэх” зэргийг дурдаж болно.

Дэлхийн банкны 2014 онд хийсэн судалгаанаас харахад “1,9 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь хөрөнгө оруулалтыг хамгаалах арга хэмжээ аваагүйгээс болж Монгол Улсаас гарах эрсдэлд өртөөд байна” гэжээ.Тийм учраас бид хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулагчдыг хамгаалах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Хөрөнгө оруулагчдыг дэмжих зөвлөл байгуулагдаж байгаа юм байна. Энэ зөвлөл асар их үүрэг хариуцлагатай ажиллах боломжтой.

Санал бичгийг бүрэн эхээр нь МБЗ-ийн вэб сайтаас авах боломжтой.

(www.bcmongolia.org/knowledge-base/reports)