Н.Чинзориг: Ажилласан жилийг цалинтай дүйцүүлэх нь шударга
УИХ-ын гишүүн Н.Чинзориг
2016.09.19

Н.Чинзориг: Ажилласан жилийг цалинтай дүйцүүлэх нь шударга

УИХ-ын гишүүн Н.Чинзоригтой ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа төрийн албан хаагчдад олгох тэтгэлгийг 1-12 сар хүртэл байхаар бууруулсан ч, Засгийн газрыг 2017 оны төсвийн хуулийг боловсруулахдаа тэтгэлгийн хэмжээг 1-36 хүртэл сар болгон өөрчлөх даалгавар өгсөн. Цаашдаа тэтгэлгийн хэмжээг 36 хүртэлх төвшинд нь хадгална гэж ойлгох нь зөв үү? УИХ хоёр өөр шийдвэр гаргасны цаад шалтгаан нь яг юу юм бэ?

Төрийн албанд зүтгэсэн иргэндээ төр тэгш, шударга хандах ёстой, тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг боловсронгуй болгох шаардлага байна гэж УИХ-аас үзэн Засгийн газарт тогтоолоор даалгавар өгсөн.

Түүнд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахдаа ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ хэрэгжих хугацааг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас хэрэгжүүлэхээр тооцох” гэж тодорхой зааж өгсөн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тэтгэвэртээ гарч байгаа төрийн албан хаагчдын заримд нь 36 хүртэлх сарын, заримд нь 12 сарын тэтгэмж олгодог.

Мөн зарим төрийн албан хаагчдын тэтгэлгийг үндсэн цалингаас нь боддог бол заримыг нь цалин, хөлснөөс нь бодож нэг удаагийн тэтгэлэг олгодог. Тэгэхээр тэтгэлгийн хугацааг нь ойролцоо болгох, үндсэн цалингаас нь бодох уу, цалин хөлснөөс нь бодох уу гэдгийг оновчтой болгох шаардлага байгаа юм.

-Таныг Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед тэтгэвэртээ гарахад олгодог нэг удаагийн тэтгэлгийг ажилласан жилийг нь үндсэн цалинтай нь харгалзуулан олгохоор шийдээгүй биш бил үү?

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад олгодог тэтгэмжийг ажилласан жилээр нь тооцохоор журамласан юм. Өөрөөр хэлбэл, төрд 10 жил ажилласан бол 10 жилийн, 20 жил ажилласан бол 20 жилтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж авахаар өөрчлөлт оруулсан. Ингэж тодотгох ямар шаардлага үүссэн бэ гэхээр зарим нь тэтгэвэрт гарахаасаа 5 жилийн өмнө төрийн албанд ажилд орсон атлаа 36 хүртэлх жилээр тооцуулж өндөр тэтгэлэг авах харилцаа үүссэн учраас төрийн албыг хэдэн жил хашсан бэ гэдгийг шалгуур болгох шаардлага тавьсан юм.

-Тэгэхээр одоогийн энэ олон аргачлалаас аль нь илүү оновчтой хувилбар юм бэ?

Үндсэн цалингаар нь тооцож, ажилласан жилтэй нь дүйцүүлээд явбал тэтгэмжийн хэмжээ их, бага гэсэн асуудал гарахгүй шударга зохицуулагдана гэж харж байгаа. Миний байр суурь бол ийм.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Эмч, багш нарт олгох тэтгэлгийг 1-36 хүртэл сар болгон нэмэх саналыг УИХ-ын гишүүдээс хэн нь ч гаргаагүй учраас Засгийн газрын оруулж ирсэн санал хэвээр үлдсэн” гэсэн. Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Энэ асуудлыг бид байнгын хорооны хуралдааны үеэр тусгайлан ярьсан. Сангийн сайдын зүгээс тэтгэлгийг оновчтой болгох шаардлага байгаа гэсэн асуудал хөндсөн учраас боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг хохироохгүйгээр шийдэх ёстой гэж үзэн ойлголцсон асуудал өөрчлөгдөх болсныг гайхаж байна” гээд эсрэг юм ярьсан. Эцэстээ протоколуудаа нягтлахаар болсон. Яг юу болоод зөрчил үүсчихээд байсан юм бэ?

Засгийн газраас төрийн албан хаагчдад 1-12 сарын тэтгэмж олгохоор төсвийн тодотголыг оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн  шатанд бид нэлээн ярьсан, төрийн албан хаагчиддаа тэгш хандах ёстой, огцом бууруулж болохгүй гээд...

Ойлголтын зөрүү явсаар байгаад Төсвийн байнгын хорооны хуралдаанаас оруулж ирсэн санал нь зарчмын өөр саналтай нэг зүйл болгож санал хураалгаснаар зөрчил үүсгэсэн.

Нэгдэх асуудал нь, төрийн байгууллагын санхүүжилтийн хэмжээг бууруулах нь төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах үндэслэл болохгүй гэсэн тусдаа заалтыг Засгийн газар хүчингүй болгоё гэж оруулж ирснийг Төсвийн байнгын хороо “Хүчингүй болгохгүй” гэж оруулж ирсэн.

Гэхдээ нөгөө талдаа төрийн албан хаагчийн тэтгэврийг 1-12 сар болгоё гэсэн өөр саналтай нэгтгэснээрээ агуулга буруу томъёоллоор хураагдлаа гэж үзсэн. Тийм учраас 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх тогтоол баталсан юм. Ингэснээр зөрчил үүсэхгүй, зөрүү гарахгүй.

Харин 2016 оны төсвийн тодотголыг баталсан учраас энэ онд тэтгэвэртээ гарах төрийн албан хаагчдад 36 хүртэлх тэтгэмжийг нь нөхөн олгох харилцаа л үүснэ. 

-Ер нь Засгийн газар төсвийг тодотгох нэрээр тэтгэлгийн хэмжээг бууруулах санал оруулж ирж, төрийн албан хаагчдыг бужигнуулах шаардлага байсан юм уу? Тэтгэлгийг тэгш, шударга болгох зохицуулалтаа ирэх оны төсөвтэйгээ оруулаад ирэхэд л болох юм шиг санагдлаа?

Өмнөх Засгийн газар 2014, 2015 онд тэтгэвэртээ гарсан зарим төрийн албан хаагчдын тэтгэмжийг олгоогүй юм билээ. Нийтдээ 30 гаруй тэрбум төгрөг энэ Засгийн газарт шилжиж ирсэн учраас ачаалал үүсгэж байгаа. Тийм учраас өмнөх хоёр жилийн тэтгэмжийг нөхөн олгохтой холбоотойгоор тодорхой зохицуулалт хийх шаардлага тулгарсан.

Цаашдаа нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг 36 сар хүртэлх хугацаагаар олгохоор Төрийн албаны тухай хуульдаа дахин шинээр оруулаад зохицуулаад явна.

-Сая цэргийнхний тэтгэлэгт өөрчлөлт ороогүй 36 сараар тооцож олгогдохоор хэвээр үлдсэн гэж ойлгож байгаа, зөв биз?

Цэргийнхний тэтгэлгийг 24 сараар үндсэн цалингаас нь тооцож олгоё гэсэн Засгийн газрын санал УИХ-аас олонхийн санал авч чадаагүй учраас хуучнаараа буюу 36 сараар үлдсэн.

-Өмнөх УИХ-аас баталсан Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болголоо. Улс төрийн шийдвэр гэж үзэж болох уу?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг ахмадуудад тэгш үйлчлэхээр баталж чадаагүй гэж би үздэг. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нийт 300 мянган тэтгэвэр авагчийн эрх ашгийг хамгаалсан хуулийг хүчингүй болголоо” гэж яриад байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, хань ижлээ алдсан 77 мянга орчим ахмадууд байна гэсэн судалгаа бий.

Гэтэл Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулахдаа 2005 оноос хойш хань ижлээ алдсан 7000 орчим ахмадыг хамруулахаар явцуу хүрээнд заасан.

Өөрөөр хэлбэл, хань ижлээ алдсан хугацаанаас нь хамаарч ялгамжтай хандсан учраас хүчингүй болгох үндэслэл болсон. Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж л байгаа бол ахмадууд хань ижлээ алдсан хугацаанаас үл хамаарч үр шимийг хүртэх ёстой. Хүчингүй болгох нэгдүгээр үндэслэл нь энэ.

Хоёрдугаарт, бүрэн тэтгэвэр авч байсан хоёр ахмадын нэг нь нас барсан бол Хамтын тэтгэвэр авахаар хуульчилсан. Гэтэл  ахмадуудын 30 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Энэ заалт нь хоёр ахмадын нэг нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан бол Хамтын тэтгэвэр авч чадахгүй юм. Нийт ахмадын эрх ашгийг хамгаалж чадахгүй хууль болсон учраас хүчингүй болгосон.

-Жил ирэх тусам Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсч, их наядаар хэмжигдэх болсон. Энэ агуулгаар хөөж үзвэл НДШ төлсөн хувь хэмжээ, хөдөлмөрлөсөн он жилээр нь хязгаарлан дээрх шалгуур тавих нь шударга зарчим биш үү?

Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 10-20 жилийн турш НДШ төлсөн иргэн авдаг. Тийм учраас тэдгээр ахмадууд ч Хамтын тэтгэвэр авах эрх нь үүсэх ёстой.

-Бүх ахмадуудаа хамруулах тохиолдолд ямар агуулгатай хууль санаачлах юм?

Ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр "Ач санах" нэртэй хууль батлагдана.

МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо ахмадуудын эрх ашгийг хамгаалсан, нийгмийн хамгааллыг сайжруулсан оновчтой тэтгэвэр, тэтгэмжийн бодлого хэрэгжүүлэхээ амласан.

Хоёр дахь асуудал нь, төр өндөр нас зооглож байгаа ахмадаа хүндэтгэж, тэтгэврээс гадна насны хишгийг тогтоохоор мөрийн хөтөлбөрт заасан. Түүнийгээ хэрэгжүүлнэ.

-Төсөв асар их алдагдалтай, өр зээл ихтэй учраас ирэх оны төсвийн төслийг хатуу оруулж ирнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Уг хууль хэрэгжвэл халамжийн орон болж хувирах юм биш үү?

Эдийн засаг хүнд байгаа нь үнэн ч байнгын ийм байхгүй л болов уу. Засгийн газар эдийн засгийг богино хугацаанд сэргээж, тогтворжуулж, орлого олох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой. Тэгж байж нийгмийн хамгааллын чиглэлээр тавьсан зорилтуудаа хэрэгжүүлнэ.

-Цаашдаа Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт энэ асуудал туссан уу? Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсч байгаагаас тэтгэврийн насыг хойшлуулах, НДШ-ийн хувь хэмжээг нэмэхээс аргагүй болсон гэдэг асуудлыг өмнөх Засгийн газар хөндөж байсан, шинэ Засгийн газар ч мөн энэ тухай асуудал босгосон. Сан алдагдалтай байгаа нэрийн дор даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөөр ирлээ?

Давхар даатгалын тогтолцоог шинээр бүрдүүлэх шаардлагатай. Тухайлбал, би өөрийнхөө гэр бүлийг эсвэл хүүхдээ даатгуулдаг ч юм уу, НДШ-ийг нь төлдөг ч юм уу ийм нэмэлт даатгалын тогтолцоог бий болговол даатгуулагчийн эрх ашиг хангагдана. Ингэвэл хүүхдэд нь тэтгэвэр нь өвлөгдөөд явдаг, өндөр тэтгэвэр авдаг тогтолцоо бий болно.

Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаагаас тэтгэвэр тогтоолгох иргэдийн насыг хойшлуулах гэдэг юм уу, эсвэл НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх гэхээс илүү нийгмийн даатгалд хамрагдалтыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг авч үзэх.

Нэг л жишээ хэлье, улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад байна. Тэдний 500 мянга орчим нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид хийгээд малчид. Гэтэл хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн болоод малчдын 10-хан хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Тийм учраас нийт ажиллагсдын 50 хувийг эзэлж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг Нийгмийн даатгалд хамрагддаг тогтолцоог бий болгох ёстой. Ингэвэл Нийгмийн даатгалын сан арвижих, алдагдал багасах бололцоо бүрдэнэ. Даатгалын татварыг нэмэхээсээ илүү НД-д хамрагдах хүрээг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг хамгийн тэргүүнд авч үзэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал туссан уу?

Туссан. УИХ-ын гишүүнийхээ хувьд мөн би малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөгүй байгаа НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэхээр хуулийн төсөл санаачилсан.  Засгийн газраас санал авсан, УИХ-ын намрын чуулганаар төслөө өргөн барихаар ажиллаж байна. Энэ хууль батлагдвал Нийгмийн даатгалд хамрагдах хүрээ өргөжнө, нөгөө талдаа даатгуулсан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа сайжирна. Хамрагдахгүй яваад байвал өндөр настан болсон хойноо нийгмийн баталгаа нь алдагдана.

Нөгөө талаасаа халамжийн сангаасаа тэтгэвэр авах болно, энэ нь улсын төсвөөс тэтгэмж авна гэсэн үг. Тийм учраас зайлшгүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг Нийгмийн даатгалд хамруулах шаардлага байгаа юм.