Ж.Батзандан: Нэг нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дангаараа хийхээр хүч түрж болохгүй
2016.09.21

Ж.Батзандан: Нэг нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дангаараа хийхээр хүч түрж болохгүй

УИХ-ын намрын чуулганаар эрх баригч нам Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хуулийн төслийн хүрээнд боловсруулан, өргөн барихаар ажлын хэсэг байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараахь байр суурийг авлаа.

-МАН дангаараа эрх барьж буй үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар өөрсдөдөө ашигтай заалтуудаа оруулах нь гэсэн хардлага явж байна. Үүн дээр сөрөг хүчний зүгээс ямар байр суурь баримтлах бол?

-Нэг нам дангаараа анх удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдэж байна. МАН сонгуульд оролцохдоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

МАН парламентад 65 суудал авсан. Тиймээс ийм боломж хангалттай бүрдсэн гэсэн үг. Гэхдээ Үндсэн хууль өөрөө нийгмийн суурь хууль учраас зөвшилцөл явагдах учиртай.

Тайван замаар бүх намын оролцоотойгоор өөрчлөлтийг явуулах хэрэгтэй гэж харж байгаа. Нэг нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дангаараа хийхээр хүч түрж болохгүй.

Нийгмийн хөгжлийн алсын хараагаа зайлшгүй бодож, урт хугацааны хөгжлийн бодлогыг хангаж чадахуйц засаглалын шинэ хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр өөрчлөлтийг зөв, шударгаар явуулах ёстой.

-Та Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж харж байна уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Бид 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй, нэг танхимтай парламентын тогтолцоотой явж байна.

Гүйцэтгэх засаглалаа УИХ-аасаа томилдог тогтолцоотой. Нөгөө талд ерөнхийлөгч, Улсын дээд шүүх хууль тогтоох засаглал гэж байна. Засаглалын энэ системийг аваад үзэх юм бол Монгол Улсыг яг ямар засаглалтай улс  вэ гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй.

76 гишүүнтэй, нэг танхимтай парламент олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Харамсалтай нь өнөөгийн парламент олигарх бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг бизнес бүлэглэл болж хувирсан. Энэ бол сонгодог парламентын жишиг биш.

Гүйцэтгэх засаглалынхаа хувьд ч ерөнхий сайд нь тоглоомын болчихсон. Ерөнхийлөгчийн эрх ч харьцангуй хязгаарлагдмал болчихоод байна. Олон улсын  судалгааны байгууллага Монгол Улсыг засаглалын гүнзгий хямралд орсон гэж тодорхойлдог. Энэ нь ч үнэн.

-Тэгэхээр бид үүнийг хэрхэн засах арга зам байна?

-Ямар ч байсан бид ийм байдалтай хол явахгүй. Эдийн засгийн суурь шалтгаан нь засаглалын хямрал. Тэгэхээр бид Үндсэн хуулийн шинэчлэл хийх санаачилга гаргаж буй эрх баригчдын саналыг дэмжихээс өөр аргагүй.

Зарим хүмүүс хэлээд байгаа. Нэг нам олонх болсон учраас үндсэн хуулийг шинэчилж болохгүй гэж. Намууд ижилхэн суудалтай, эрх тэнцүү байдлаар энэ асуудалд хандвал Үндсэн хууль шинэчлэгдэх боломжгүй. 1992 оны Үндсэн хуулийг батлан гаргахад тухайн үеийн 400 депатут нь одоогийн МАН буюу /МАХН/-ын гишүүд байсан.

60 орчим нь АН-ын гишүүд байсан ч өөрчлөлтийг маш сайн хийж, хамтарч ажилласан байдаг. Одоо МАН ард түмэн, судлаачидтайгаа хамт шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай.

Юуны түрүүнд нийгмийн зөвшилцлийг л үүсгэх хэрэгтэй. Хамгийн эхэнд өөрчлөх ёстой тогтолцоо бол бид сонгодог парламент, ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хоёрын хооронд тоглоомын засаглалын хэлбэрээсээ бид одоо татгалзахгүй бол 26 жил дампуурч байна.

-Өмнөх парламентын үед Н.Батбаяр нарын өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хуулийн төслөөс зарим нэг авууштай санааг эрх баригч нам хуулийн төсөлдөө тусгах болов уу?

-Өнгөрсөн парламентын үед Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал нэлээдгүй яригдсан. Хоёр чухал хуулийн төсөл боловсруулан, өргөн барьсан байдаг.

Хамгийн чухал нь ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх хэлбэр байв. Энэ хүрээнд ард нийтийн санал асуулгыг хоёроос дээш асуудлаар явуулж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ард түмнээсээ асууя гэсэн саналыг манай намаас дэвшүүлж байсан. Эдгээр яригдаж байсан ажлууд дээр тулгуурлаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулан, ард түмнээсээ асуух хэрэгтэй гэж эрх баригчдад сануулмаар байна.

Ярилцсан Ж.Мядагбадам