Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэлээ
Засгийн газрын дараагийн хуралдаан
2016.09.22

Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэлээ

Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 

Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны саналыг үндэслэн “Спирт бал бурам” ХХК-ийн Улаанбаатар хотод спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал суманд спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олголоо. 

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр, хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг төслийг боловсруулах явцдаа хэлэлцүүлэг, олон улсын бага хурал зохион байгуулж, холбогдох байгууллага, аж ауйн нэгж, иргэдийн саналыг төсөлд тусгасан байна. 

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Д.Ганбат, С.Бямбацогт нарт даалгав.