2016.09.22

Хотын дарга иргэдийн асуудлыг газар дээр нь шийдэж өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд 14 хоног тутмын  Мягмар гарагт  иргэдтэй  тогтмол уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” дэхь салбарт боллоо.

Уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудын үеэр хотын даргатай газрын маргааны асуудлаа шийдүүлэхээр ирж байсан 2 иргэний асуудлыг шийдвэрлэснээ  танилцуулав.

Чингэлтэй дүүргийн иргэн Т.Чинболорын өмчлөл бүхий газарт 2012 онд 110 квт-ийн трансформатр тавихаар газрыг нь чөлөөлсөн ч  ч нөхөн олговорыг өнөөдрийг  хүртэл олгоогүй байсан байна. Энэ асуудлыг шийднэ гэдгээ хотын дарга хэлж байсан бөгөөд өнөөдөр түүнд газрын нөхөн олговор өгөхөөр захирамж гаргаснаа танилцуулаа.

Мөн СХД-ийн иргэн П.Энхтуяа 11 жилийн өмнө үйлчилгээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл авсан ч аюулгүйн тойрогт газар нь орсон гэсэн үндэслэлээр буцааж эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байна.  Тэрээр 11 жилийн турш энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны байгуулагад хандсаар иржээ. Харин өнөөдөр тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболдоос газар эзэмшүүлэх захирамж гардан авлаа. Тэрээр 11 жил хөөцөлдөж байсан ажлыг минь 2 сар ч хүрэхгүй хугацаанд шийдэж өгсөнд баяртай байна гэсэн юм.