Х.Нямбаатар: СХД-ийн төсвийг нэмэх зайлшгүй шаардлагатай
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2016.09.26

Х.Нямбаатар: СХД-ийн төсвийг нэмэх зайлшгүй шаардлагатай

Сонгинохайрханчууд хөгжлийн гарцаа тодорхойлохыг зорилоо. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинэ удирдлагууд эдийн засагч эрдэмтэд, хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонссон.

Сонгинохайрхан нь улсын хүн амын 10 гаруй хувь амьдарч буй нийслэлийн хамгийн том дүүрэг хэдий ч байгуулагдсанаас хойш өдийг хүртэл 20 гаруй жил хотын захиргаанаас санхүүгийн дэмжлэг авсаар ирсэн төвийн ганц дүүрэг. Нийт 120.6 мянган га газар нутагтай, 82.9 мянган өрхийн 307.2 мянган хүн амтай.

Гэвч нийт өрхийн ердөө 27.1 хувь нь нийтийн орон сууцанд, гэр хороололд амьдарч байна. Форумыг санаачлагчдын үзэж буйгаар Сонгинохайрхан дүүрэг хөгжихгүй байгаа нь өнөөгийн хэрэгжиж буй Төсвийн тухай хуулийн гажуудлаас үүдэлтэй гэнэ.

Тодруулбал, Төсвийн тухай хуульд зааснаар томоохон татварууд улс нийслэлийн төсөвт, найман нэрийн дэлгүүр, лангууны цөөхөн хэдэн төгрөг орон нутгийн төсөвт төвлөрдөг байхаар тусгасан нь дүүргийн хөгжлийг хойш татаж байна гэж үзэж байгаа аж. Мөн хүн амын тоо, газар нутагт тохируулсан хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхгүй бол Сонгинохайрхан дүүрэгг амьдарч буй иргэд хохирсоор байна гэсэн юм.

Тиймээс тэд энэхүү арга хэмжээг зохион байгуулж улс төрчид, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож зөв гарцыг эрэлхийлж байгаа аж. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдсон Х.Нямбаатар тодруулга авлаа.

-Форумд оролцогчдын зүгээс дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэж байна. Энэ нь дүүргийн хөгжлийг хойш татах шалтгаан байж ирсэн үү?

Сонгинохайрхан дүүрэг бий болоод дүүрэг 24 жил болж байна. Энэ хугацаанд төвийн зургаан дүүргээс хамгийн бага төсөвтэй ч бусдаасаа илүү ачаалал үүрч ирсэн. Голдуу хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэдийг суурьшуулсан дүүрэг.

Үүнтэй төсвийн хөрөнгө оруулалтын бодлого уялдаагүйгээс хотын хэмжээнд хамгийн муу үзүүлэлттэй яваа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийн 60 хувь зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт байна. Сургуулийн өмнөх боловсролын 68% хувьтай эзэмшдэг. Үлдсэн 32 хувь нь огт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна.

Нийслэлд цахилгаангүй 8000 өрх байгаа. Үүний 6200 нь манай дүүрэгт бий. Үүнийг засаж өөрчлөхийн тулд төсвийн бодлогоо боловсронгуй болгох шаардлагатай. Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хамгийн олон хүнтэй засаг захиргааны нэгжийнхээ хөрөнгө оруулалтад онцгой анхаарах хэрэгтэй.

-Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн олон хүнтэй дүүрэг гэдэг утгаараа төрийн халамжийн бодлогоос хам- гийн их хүртдэг юм биш үү. Нөгөө талаар улсын орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсөв нэмнэ гэдэг өнөөдрийн цаг үед тохирохгүй байх?

Бусад дүүргүүдээс гурав дахин их хүн амтай. Тиймээс шийдэх асуудал их. Г эвч орлого нь бусад дүүргээс 4-5 дахин бага байгаа юм. Татварын бааз муутай дүүрэгт амьдардаг гэдгээрээ сонгинохайрханчууд хохирох ёсгүй.

Нэг хотын иргэд төрийн бүх үйлчилгээг ижил төвшинд хүртэх эрхтэй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед улсын төсөвт дарамт учруулах бус нийслэлийн зүгээс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэх ёстой.