Даваадорж.Г 2016.09.27 | Сайт: Vip76.mn

Камерон, Меркель нарын дараалсан алдаатай бодлогууд: Дээрээс хүчтэй унах нь

Камерон, Меркель нарын дараалсан алдаатай бодлогууд: Дээрээс хүчтэй унах нь

Улс төрч хүн олон жилийн туршид амжилттай ажиллан, ард олондоо нэр хүнд олж түүхийн сурах бичигт эерэг дүрээр үлдэх болоод байтал цорын ганц алдаа нь амьдралдаа хийсэн бүтээснийг нь нурааж, сурах бичигт муугаар бичигдэх тохиолдол байдаг.

Brexit ба Камероны урьдчилан тооцоолоогүй үр дүн

Үүний нэг жишээ бол Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон. “Brexit” гэдгийг санаачлаагүй байсан бол түүнийг холын хараатай улс төрч гэж үзэх үндэслэл байв. Дэвид Камероныг Ерөнхий сайдаар ажиллаж ахуйд Их Британийн эдийн засаг удаан ч гэсэн өсөж байсан юм.

Экспорт есөн хувиар өсөж, хэрэглээний үнийн индекс буурч, төсвийн алдагдал 144 тэрбумаас 79 тэрбум фунт стерлинг болж багассан билээ. Үүнээс гадна тэрээр тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоонд хэд хэдэн шинэчлэл хийсэн хүн. Тэр байтугай Их Британийн хааны суудал залгамжлах дэг ёсонд өөрчлөлт оруулж хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалсан.

Энэ бүхний дотроос Д.Камероны хувьд томоохонд тооцогдох ажил бол 2014 онд зохион байгуулсан Шотландын тусгаар тогтнолын тухай ард нийтийн санал асуулга. Энэхүү санал асуулгыг амжилттай зохион байгуулснаар Шотландыг салан тусгаарлах гэсэн хүмүүсийн амыг нэг мөсөн таглаж орхив. Шотландчууд Их Британиас салах бодолгүй байгаагаа илэрхийлж, Ерөнхий Сайдын нэр хүнд улам өсөв.

Өөр нэгэн санал асуулга Камероныг баллаж орхисон юм. Энэ бол “Brexit” гэж нэрлээд байгаа Их Британи ЕХ-ноос гарах тухай санал асуулга байв.

2013 онд Камерон британичуудад ЕХ-нд үлдэх эсэхээ өөрсдөө шийдэх боломжийг олгоно гэж амлаж байв.

Тэрээр “Brexit”-ээр дамжуулж, нэг сумаар хэд хэдэн туулай буудах төлөвлөгөөтэй байжээ.

- Нэгдүгээрт, сонгуулиар “Brexit”-ийг дэмжигчдийн саналыг өөртөө цуглуулах

- Хоёрдугаарт, тэднийг “Европын холбооноос гармаар байна” гэж дуугарахгүй болгох

- Гуравдугаарт, санал асуулгыг Европын холбоотой хийх худалдаанд хөзрийн түүз болгон ашиглаж, Лондонд худалдааны давуу эрх авчрахаар тооцоолжээ. Гэвч иргэдийн 52 хувь “Brexit”-ийг дэмжиж, ЕХ-нд “баяртай” гэж хэлэв. Санал агуулгаар ийм үр дүн гарна гэж Камерон даанч бодсонгүй.  

...Эцэст нь Камерон тавьсан зангандаа өөрөө унаж, огцрохоос өөр аргагүйд хүрсэн. Их Британийн түүхэнд улс орноо эвгүй байдалд оруулсан “Ерөнхий Сайд” нэртэй болсон тэрээр ЕХ-ны гишүүн хэвээрээ үлдье гэж гуйвал олон улсад жинхэнэ шившиг болохоор байлаа. Их Британи ЕХ-ноос гарах нь тус улсын эдийн засагт ихээхэн хохирол авчрах нь тодорхой...  

За Камерон ч яахав,  нэгэнт өнгөрсөн. Түүний замналыг давтаж магадгүй өөр нэгэн хүн бол Германы канцлер Ангела Меркель болоод байна.

Дүрвэгчид ба Меркелийн ажиллах хүчнээ нэмэх гэсэн оролдлого 

Улс төрд хөл тавихдаа “Колягийн охин” нэртэй байсан Ангела Меркелийг ийм удаан хугацаанд Засгийн газраа толгойлно гэж хэн ч бодож байсангүй.

Канцлер болсон цагаасаа хойш тэр олон улсын тавцанд “Тевтоны төмөр хатагтай” гэсэн хоч авч, харин эх орондоо “халамжит ээж” болов.

Түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажилласан хугацаанд Германы эдийн засаг тогтмол өсөж, ард олны амьдрал тайван замаар урсаж байв.

Гадаад харилцааны салбарт ч тэр гайхам амжилт гаргаж, Германчууд Европын холбоонд гол үүрэг гүйцэтгэх болов. Гэвч энэ нь нэг талаас британичууд ЕХ-ноос гарахын мөрөөсөл болж, нөгөө талаас францчууд дотоодын асуудалдаа дарагдаж, Германд том орон зай үлдсэнтэй холбоотой. Гэхдээ л Меркель Дэлхийн хоёрдугаар дайнд үйлдсэн нүглээсээ болж, зоригтой хөдөлж чадахаа байсан германчуудыг шийдэмгий алхаж хийхэд манлайлсан юм.

...Меркелийн байгуулсан өөр нэгэн гавьяа бол “Кипр” болон “Грек”-ийн гэх хоёр том санхүүгийн хямралыг шийдэж чадсан явдал юм...

Аль алинд нь Меркель томоохон байр суурь эзэлж, Кипр, Грек улсуудад өөрийн нөхцлийг тулгаж чадсан юм. Меркелийн шахалтаар Кипр эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчилж, зөрүүд Алексис Ципрас буулт хийсэн билээ.

Гэвч Меркелийн сайн санааны үүднээс гаргасан өөр нэгэн шийдвэр нь түүний гол алдаа болов. Иргэний дайнаас дүрвэсэн Ойрхи Дорнодын мянга мянган дүрвэгчид Европыг зориход канцлер тэдэнд “Манайд хүрээд ир, манай хаалга нээлттэй” гэж хэлж байв. Учир нь тэр цагаачдыг хүлээж авснаар Германд дутагдаад байгаа ажиллах хүчний нөөцийг сэргээж, эцсийн дүндээ Герман улс хожно гэж бодож байв. Ингэхдээ тэр дунд ангийн цагаачид Германд хэрэгтэй гэж тооцоолжээ. Харин завин дээр шахцалдан, амиараа дэнчин тавьж ирсэн ядуу цагаачдыг Европын улсуудад квотын дагуу хувааж байрлуулах санал гаргасан ч Европын гишүүн орнууд үүнийг эрс эсэргүүцэв. Германы Засгийн газрыг хэтэрхий их эрх мэдэлтэй байна гэж шүүмжлэх уур амьсгал нэмэгдлээ. Үүнээс болж хатагтай канцлер болон түүний намын нэр хүнд унаж эхэлсэн. Эрх баригч эвслийн нөхдүүд нь хүртэл Меркелийг үе үе шүүмжлэх болов.

...Өнгөрсөн зун Германд хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа явагдсан нь Меркелийн алдаатай бодлого явуулсны хамгийн том илрэл. Бөмбөг тавьсан этгээдүүд нь Меркелийн Германы ажиллах хүч болно гэж тооцоолж байсан дүрвэгсэд байж таарав...

Ингэснээр Меркель алуурчдыг улс орондоо дуудаж авчирсан хэрэгт уналаа. Үүний дараагаар Меркелийн толгойлдог Христийн Ардчилсан Нам орон нутгийн сонгуулиудад ялагдаж, орыг нь Германы Социал Демократ Нам болон бусад хэт барууны хүчнүүд эзлэв.

Канцлер жилийн өмнө “бид асуудлыг шийднэ” (Wir schaffen das) гэж хэлж байсан бол өнөөдөр энэ үгээ давтан хэлэхээс зайлсхийж байна. Тэрээр хэр зэрэг том алдаа хийсэн нь дараа жил болох Германы парламентын сонгуулиар харагдана.