Эдийн засаг, бизнесийг улстөржүүлэхгүй байх эрх зүйн орчинтой болох цаг болсон
АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганхуяг
2016.09.29

Эдийн засаг, бизнесийг улстөржүүлэхгүй байх эрх зүйн орчинтой болох цаг болсон

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулиас хойш юу хийж байна вэ. Хүмүүстэй уулзаж байхад улс төрийн амьдрал гэсээр яваад нэг мэдэхэд хувийн амьдралаа ч гаргуунд нь гаргасан байна гэх юм?

Таны асуусантай санал нэг байна. Хувьсгалын ажил гэж явсаар байтал хувийн ажил ард үлдчихдэг юм билээ. Сонгууль болоод өнгөрсөн. Миний хувьд өөрийн албан ёсоор хувь эзэмшдэг компанийнхаа ТУЗ- ийн даргын ажлыг хийж байна даа.

Шижигнэсэн залуустайгаа хамт өнөөгийн нийгэм, эдийн засгийн амьдралын талаар санал бодлоо хуваалцан нэгдсэн ойлголцолд хүрч хамтран ажиллаж байна. Улс төрийн хувьд 12 жилийн улс төрийн амьдралдаа дүгнэлт хийж, АН-ынхаа ажил, амьдралд оролцож байх шив дээ.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө АН сонгуулийн хуулиа өөрчилсөн нь хамгийн буруу алхам болсон гээд байгаа. Сонгуулийн хуулийн алдаа байв уу, хар машины буруу юу. МАН-ынхан бол хар машиныг хамгийн их эсэргүүцэж байсан ч 65- уулаа болсон?

МАН-ынхан хар машиныг хэрхэн эсэргүүцэж байсныг олон нийт санаж байгаа. Тэр нь 2012 оны сонгуулиар АН УИХ-д олуулаа болсонтой Холбоотой. Тэгвэл өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д 65 уулаа болтлоо олонхи боллоо. Тэр утгаараа цаашид сонгуультай холбогдсон маргаан, сонгуулийн ялагдлын шалтгааныг хар машинтай холбодог асуудалд цэг тавигдлаа гэж хаа хаанаа ойлгосон байх.

АН сонгуульд ялагдсан шалтгааныг олон янзаар л ярьж байна. Гэхдээ олон гишүүнтэй санал солилцсоны үндсэн дээр Сонгуулийн хууль тэр дундаа сонгууль болохоос нэг сарын өмнө сонгуулийн тогтолцоог өөрчилсөн, АН- ын улс төрийн өндөр албан тушаалтнууд хоорондын баялгийн хуваарилалт, тодруулбал, Таван толгойн ордыг тойрсон толхилцоон, мөн Эрдэнэтийн 49-ийг тойрсон асуудал гурав голлох хүчин зүйл байсан гэж харж байгаа.

Сонгуулийн тогтолцооны тухайд шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш хоёр ч удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг. Гэтэл 2016 онд ҮХЦ холимог тогтолцоо, тодруулбал, намын нэрээр сонгогддог пропорциональ тогтолцоог "Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг УИХ хүлээн авснаар сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнийг хүмүүс санаж байгаа байх.

-Эрдэнэтийн 49 хувь тийм хамаатай юм уу?

Эрдэнэтийн 49 хувь манай улсын хувийн хэвшилд шилжсэнтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр нь хуульд нийцсэн эсэхээс эхлээд Монгол Улсын эрх ашигт илүү их нийцтэй байсан эсэх нь цаг хугацааны шалгуураар тодорхой болно байх.

Ер нь Эрдэнэт үйлдвэр бол Монголын ард түмний чихэнд хамгийн их хоногшсон, бахархал болсон бренд гэдэгтэй маргалдах хүн байхгүй байх. АН төвтэй Засгийн газар сонгуулийн үр дүн гарахаас 2-3 хоногийн өмнө энэ шийдвэрийг олон нийтэд зарласантай холбогдуулан тухайн үеийн цөөнх, өнөөгийн эрх баригч МАН-аас энэ шийдвэрийг илт буруушааж “Сонгуулийн дараа Эрдэнэтийн 49 хувиас ард түмэнд хувьцаа эзэмшүүлэх замаар шийдвэрлэнэ" гэж мэдэгдэл хийсэн.

Үүнийг нь хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл орон даяар шууд дамжуулсныг санаж байгаа байх. Ард түмэн загасны ой санамжтай биш шүү дээ. Орон нутгийн сонгууль 20 гаруй хоногийн дараа болох гэж байна. Тиймээс тэдний юу ярьж байсныг эрх баригчдаас ард түмэн нэхэх нь зүйтэй.

-Сүүлийн үед Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг асуудал хөндөгдөж байна. Танай намын шинэчлэл юунаас эхлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол?

Мэдээж сонгуульдялагдсан учир тэр үеийн АН-ын дарга ажлаа өгсөн байгаа. Ардчилсан намын үйл ажиллагаа шинэчлэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ шинэчлэл нь Монгол Улсын эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилтод яв цав нийцэх болно.

Үүнд эргэлзэх хэрэггүй. Улс төрийн намын шинэчлэл байнга явагдах шаардлагатай бөгөөд үзэл баримтлал, бодлого болон тоглоомын дүрмийн шинэчлэлээсээ эхэлдэг нь нийтлэг үйл хэрэг. Үзэл бодлын тухайд АН ардчиллыг бэхжүүлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх, өмчийн бүх хэлбэр, тэр дотроо хувийн өмчийг хамгаалах дархлааг сайжруулах, баялгийн болон баялгийн дахин хуваарилалтыг шударга, оновчтой явуулах, нийгмийн дийлэнх олонхи нь дундаж орлоготой иргэд болсон чинээлэг иргэдийн нийгмийг цогцлоох үндсэн зорилтоо хэрэгжүүлэх цаг болчихоод байна.

Мөн хөрөнгө оруулагч болон баялаг бүтээгчдийг дэмжих эрх зүйн орчны өрсөлдөх чадвартай болгох, тогтвортой байлгах тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Т иймээс иргэдтэйгээ хамтарч эрх баригчдад хяналт тавьж, бодлого өрсөлдүүлж ажиллах хэрэгтэй болж байна л даа. Эдгээр бодлогыг зоригтой ярьж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх манлайлагч АН-д хэрэгтэй. Манайхан намын дүрмээ шинэчилж, ирэх арванхоёрдугаар сарын зургаанд АН Их хурлаараа батална.

-АН-ын дарга хэн байх вэ гэдэг нь анхаарал татаад байна. Таныхаар дараагийн намын дарга хэн байх бол?

АН-ын гишүүн хэн ч байсан намын даргад өрсөлдөх эрх нь нээлттэй. Намын дүрмээ шинэчилснийхээ маргаашаас эхлээд намын дарга болох хүсэлтэй гишүүд намын даргын сунгаанд оролцож болно. АН- ын даргад нэр дэвшигчид өөрсдийн дэвшүүлж байгаа хөтөлбөрөөрөө сонгогдох нь зөв.

Хөтөлбөр гэдгийн шалтгаан нь мөнгө, эд хөрөнгө тарааж болохгүй шүү гэсэн санаа. Сунгааг шударга, явуулахтай холбогдсон журмыг ч шинэчилж намын их хурлаараа батлах нь зүйтэй.

-Монгол Улсын эдийн засаг уруудсан гол шалтгаан нь Ардчилсан намынхан бодлогогүй явж ирсэнтэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлаад байгаа. Бондын мөнгөний үр ашиггүй зарцуулалт гэх мэтчилэн олон зүйлсийг ярьж байна. Та санал нийлэх үү?

Засгийн газрын хэрэгжүүлэх бодлого бодлогын арга хэмжээг УИХ баталдаг. УИХ-аар хэлэлцэн баталдаг аливаа арга хэмжээ олон нийтэд ил тод байдаг. Тухайлбал, 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн саналаар "Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах" заалтыг оруулж, тухайн үеийн УИХ дахь цөөнхийн хүчтэй дэмжлэгтэйгээр энэ тогтоолын төсөл батлагдаж байсан. Нэгэнт УИХ ийм үүргийг шинэчлэлийн Засгийн газарт өгсөн учраас энэ саналыг харилцагч талд тавьсан.

Бондын мөнгөний зарцуулалтын тухайд тэр үед УИХ болон Засгийн газрын хамтарсан зөвлөл голлох шийдвэрийг нь гаргадаг. Тэр шийдвэрийг нь үндэслэж Засгийн газрын хуралдаанаар дараагийн шийдвэрийг нь гаргаж байсан юм. Энэ зөвлөл дээр ч, Засгийн газар дээр ч намайг экспортын чиглэлийн хувийн хэвшлийг илүү дэмжих чиглэлд саналаа хэлж байсныг санаж байгаа байх.

Ер нь тэгээд Засгийн газрын авсан зээл, зээлийн зориулалтыг шийдвэрлэхэд голлох саналыг Сангийн яам гаргадаг хуулийн зохицуулалттай. Тэгээд 2012-2016 оны хооронд Сангийн сайдаар ажилласан хугацааг аваад үзэхээр 70 орчим хувьд нь МАН-ын одоогийн УИХ-ын гишүүдээс Сангийн сайдаар ажилласан гэдгээ мартаж болохгүй л дээ.

-Ардчилсан намын фракцын зодоон улс орныг элгээр нь хэвтүүлэх хэмжээнд хүрсэн үү. Эрх баригчид одоо тийм тайлбар хийж байна. Фракцгүй Ардчилсан нам гэдэг санаачилга гарч байсан. Танай нам фракцгүй болох боломж бий юу?

Ер нь ардчилсан орнуудын улс төрийн намууд фракцгүй байдаг юм уу.

-Харин ямар байдаг юм...

Улс төр судлаачид фракц далд байх нь ил байхаасаа нийгэмд илүү хортой гэж үздэг. Гэхдээ аливаа юм хэрээс хэтрэхээрээ сөрөг нөлөө нь ихэсдэг зүй тогтол байдаг. Улс төрийн намыг "олон голоос бүрддэг далай шиг" олон үзэл бодолтой хүмүүс сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулдаг. Тиймээс намд олон ургальч үзэл бодол байх нь мэдээж.

Гэхдээ аль нэг намын гишүүн болсон бол хууль, намын дүрэмд аливаа үйлдэл нь захирагдах учиртай. АН дотоод ардчиллаа хангах, дотооддоо бодлогын зөвлөлөөр дамжуулж судалгаанд үндэслэсэн зөв, оновчтой төрийн бодлогын шийдвэр гаргах мэтгэлцээнд фракцын үйл ажиллагааг бүрэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Хүний нөөцийн томилгоог фракцаар биш боловсрол, мэдлэг, чадвар, ажлын туршлагыг харгалздаг мерит тогтолцоонд шилжих, үүнийгээ   дүрэмдээ оруулж өгөх шаардлагатай. Мөн намынхаа гиШүүдийн эсрэг ил далд сөрөг сурталчилгаа хийдэг, өөрийгөө дөвийлгөхийн тулд бусад дээрээ болон нам дээрээ улс төр хийдэг асуудлыг ч тодорхой түвшинд дүрмээр зохицуулах нь зүйтэй гэж боддог.

Улс орны хөгжилд улс төр эрүүл, ил тод байх нь чухал байдаг. Цаашид улс төр, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх замаар аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй бол болохгүй. Тэгэхгүйгээр намуудад, улмаар төрдөө итгэх иргэдийн итгэл сайжрахгүй гэдэг нь тодорхой болсон.

-С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсаныг та юу гэж харж байна вэ?

Энэ асуудлын учрыг олохгүй байна. 2004 оны сонгуулийн дараа энэ хэргээр Э.Бат-Үүл даргыг барьж хориод холбогдолгүй гээд гаргасан байдаг. Ингэж хүнээр тоглож,' хүний эрхийг зөрчиж болохгүй ээ. Улс төрийн зорилготой хууль зөрчсөн асуудал бол тэмцэхээс өөр арга байхгүй.

-МАН үнэмлэхүй олонхи болсон. Гэхдээ Засгийн газрынх нь татвар нэмэх, цалин хасах гэхчилэн татвартай холбоотой зүйлс нь олны шүүмжлэлтэй тулгарсан. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг та хэрхэн дүгнэж байгаа бол?

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлыг дүгнэх нь хараахан болоогүй байна. Удахгүй шинэ Засгийн газрын 100 хоног болно. Сая ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөлд татвар нэмэх, шинээр татвар бий болгох зорилтууд орсон байсан тул олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ бол мэдээжийн асуудал.

УИХ-ын сонгууль болоод хоёр сар гаруйхны хугацаа өнгөрч байхад олон нийт эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сайтар санаж байгаа л даа. Ганцхан жишээ хэлэхэд, 2016 оны МаН-ын мөрийн хөтөлбөрт "Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй" гээд дурайтал биччихсэн. Эрх баригчдын энэ үйлдэл нь олон нийтэд ялангуяа улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд "Сонгууль дууссан тул, мөрийн хөтөлбөр бол дөрөвдүгээр  сарын нэгэн байсан" гэсэнтэй агаар нэг сонсогдсон шүү.

-Эдийн засгийг аврах гарцыг та хэрхэн харж байгаа вэ. Нүүрс, алтны үнэ олон улсын зах зээл дээр нэмэгдэж байгаа нь манай оронд нөлөөлөх нөлөөллийн хувьд хэр байх вэ?

Эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц хангалттай байгаа. Энэ асуудал дээр эрх баригч хүчин өөрсдөө улстөржөөд байгаа нь сонин санагдаж байна. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулагдаж байх үед Хүний хөгжлийн сан нэг их наяд төгрөгийн алдагдалтай, Оюу толгойн хөрөнгө оруулагч компаниас 250 сая ам.доллар, Таван толгойн ордоо барьцаалаад Чалко компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Мөн Эрдэнэтээс орох орлогоос тодорхой хөрөнгийг урьдчилаад хэрэглэчихсэн учраас бүтээгдэхүүн гаргаад л байдаг, орлого орж ирэхгүй байсан.

Энэ хөрөнгийн хэмжээ нь 2.5 их наяд орчим төгрөг болж байсан байх. Дээр нь эрдэс баялгийн зах зээлийн үнийн буурах мөчлөг аль хэдийнэ эхэлчихсэн зэрэг хүндрэлтэй үед Засгийн эрхийг авсан. 2013-2016 оны хооронд манай экспортын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг дөрвөн төрлийн ашигт малтмалын түүхий эдийн үнэ 30-300 орчим хувиар буурсан.

Тэр үед Н.Алтанхуягийн Засгийн газар ухарч өмнөх эрх баригч хүчнээ муулаагүй ээ. Урагшаа харж хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй зүтгэсэн.

Монгол Улсад МАН-ын эсхүл АН-ын эдийн засаг гэж байхгүй ээ. Тиймээс одоогийн УИХ дахь олонхи, цөөнх цаг алдалгүй энэ "хямралыг боломж болгох" арга хэмжээг баталж Засгийн газартаа даалгаж хэрэгжилтэд нь хяналт тавих хэрэгтэй. Нэг их том хөтөлбөр ярьж цаг алдаад хэрэггүй байх.

Ийм хөтөлбөр хэд хэд бий. Энэ ажлыг АН-ын бүлэг, АН дэмжиж хамтарч ажиллах бүрэн боломжтой. Тийм улстөрийн соёл, чадавхи, төлөвшил, туршлага АН-д бий. Арга хэмжээ нь товчхондоо экспортыг эн тэргүүнд нэмэгдүүлэхэд чиглэсэн баялаг бүтээгчид, хөрөнгө оруулалтыг дэмжсэн тоймтой хэдэн арга хэмжээ байхад зүгээр болов уу.

Тухайлбал, Таван толгой Гашуун сухайтын төмөр зам, Таван толгой, Багануур эсхүл Шивээ овоод баригдах цахилгаан станцын төслүүдийг эхлүүлэх гэх мэт. Эрчим хүч экспортолж гадаад валютын орлогын тогтвортой байдлыг хангах зорилт их чухал байна. Зарим төрлийн ашигт малтмалын үнэ сайжирч байгаа нь сайн хэрэг.

-Одоо тэгээд яг яах ёстой юм бэ?

Одоо яаралтай шийдчихмээр хоёр асуудал байна. Энэ нь улстөрчид эдийн засаг, бизнесийг хязгаарласан зохицуулалт хийх цаг үе нь болсон. Улстөрчид эдийн засаг, санхүү, бизнес, өр зээлийн асуудлаар албан ёсны мэдээллийг үндэслэж ярьдаг болох хэрэгтэй. Судалгаагүй, үндэслэлгүй улстөрчдийн хэлсэн үг энэ даяаршсан нийгэмд улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, нийгэм, эдийн засгийн амьдралд хорлонтой нөхцөл байдлыг бий болгосоор байгаа.

Улстөрчид эдийн засгийн асуудлаар Сангийн яам, Монголбанк, статистикийн байгууллагын мэдээллийг үндэслэж байр сууриа илэрхийлдэг болмоор байна. Өнөөдөр төрийн индэр дээрээс муугаа тоочоод хэн хожих юм бэ. Эцсийн дүндээ Монгол Улс л хохирно. Бодит байдалд өнөөдөр дэлхийн зах зээл дээр улс орнууд, компаниуд хоорондоо цаг ямагт өрсөлдөж байгаа. Нөгөөх нь оффшорын асуудал.

Хувийн компанид бол энэ чөлөөтэй байдаг зүйл. Харин төрийн өмчийн компани болон төрд ажиллаж байх үедээ оффшор бүсэд хөрөнгөтэй болсон бол энэ нь хариуцлага тооцох асуудлын нэг юм. Үүнийг яаралтай шийдэх нь төрийн хийх үндсэн ажил. Ингэхгүйгээр түмэн олны төрд итгэх итгэл нэмэгдэхгүй ээ.