Ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
2016.09.29

Ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 45/106 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг "Олон улсын Ахмадын өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бол Монгол Улсын Засгийн газар 1992 оноос эхлэн энэхүү өдрийг "Монголын ахмадын өдөр" болгосон.

Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа /2016.09.28/ хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан 80 гаруй ахмадтайгаас өнөөдрийн уулзалтад 60 гаруй нь хүрэлцэн ирсэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Олон Улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдрийг дэлхий даяар тэмдэглээд 26 жил болж байгаа бол Монгол Улс 24 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. НҮБ-аас жил бүр тодорхой зорилт дэвшүүлж Ахмадын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Насаар ялгаварлахын эсрэг зогсоцгооё" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, өөрчлөлт шинэчлэлт бүр ахмадууд та бүгдийн хийсэн ажлын үр дүн юм. Миний хувьд өмнөх УИХ-ын дарга нарынхаа хэрэгжүүлж байсан зөв зүйтэй бодлогыг үргэжлүүлж ажиллана. Эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа хэдий боловч ахмадуудынхаа төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно” хэмээн онцлов.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их хурал, Засгийн газраас ахмад настнуудын эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого, аж байдлыг сайжруулахад чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргаж, “Ач санах” хуулийг батлуулж, азай буурлууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгож, хүүхэд, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг нь өвлүүлэх, ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулахыг дэмжих зэрэг зорилтуудыг ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлсэн.

УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин үе үеийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд ахмадуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар УИХ-ын даргад дуулгалаа. Тэрбээр ахмадуудын дунд өвчлөл маш их байгааг хэлээд төрийн өндөр алба хашиж байсан, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад настнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж, эрх зүйн орчинг сайжруулах, өндөр өртөгтэй мэс засалд орж буй ахмадуудад тусламж үзүүлэх зэргийг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Өөлд, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн нар санал хэлж, эдийн засгийн тэтгэврийн даатгалын тогтолцоог сайжруулах, өрхийн амжиргааг дээшлүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг УИХ-ын даргаас хүслээ.