Бүс нутгийн хамтын ажиллагаа-2016 Энхийг дэмжих ажиллагааны команд штабын сургууль өндөрлөлөө
2016.09.30

Бүс нутгийн хамтын ажиллагаа-2016 Энхийг дэмжих ажиллагааны команд штабын сургууль өндөрлөлөө

Тус сургуулиар оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны штабын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж, цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх, террорист үйл ажиллагаа, байгалийн гамшиг зэргээс үүдэлтэй хямралын эсрэг арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах чадавхийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаа.

Команд штабын сургуулиар стратеги, оперативын түвшинд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны удирдлага, бригадын штабыг байгуулж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын цагийн байдал, газар нутагт үндэслэн тухайн улсын муж, хотуудын болон хөрш зэргэлдээ улсуудын нэрэлбэрийг зохиомлоор үүсгэн, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, засгийн газарт дэмжлэг үзүүлэх, энгийн иргэдийн хяналтыг зохион байгуулах, амьжиргааны эх үүсвэрүүдийг сэргээх, эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг сэдвүүдээр сургалт, дадлагыг явууллаа.

Команд штабын сургуульд Монгол, АНУ, Тажикстан, Киргизстан, Пакистан, Казакстан Улсын нийт 238 цэргийн алба хаагчид оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс команд штабын сургуульд НҮБ-ын нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн газрын үндэсний зөвлөх, ажиллагаа хариуцсан дундын хянагч, бригадын захирагчийн орлогч, бригадын тэргүүн ахлагч, мэдээлэлийн ажиллагааны орлогч дарга, төлөвлөлтийн офицер, ажиллагааны удирдлагын тасгийн дарга, жижүүр ахлагч, ажиллагааны төлөвлөлтийн офицер, эмнэлгийн төлөвлөлтийн офицер, ар талын орлогч дарга, иргэн-цэргийн харилцааны офицер, батальоны захирагч, батальоны дүрд тоглогч, инженерийн ротын захирагчийн албан тушаалуудад тус тус амжилттай оролцлоо.

Сургуулийн удирдлагын зүгээс сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд тусгайлан баяр хүргэж, ажиллагааны дадлагаа харилцан солилцсонд талархал дэвшүүлж цаашид олон удаагийн хамтарсан сургалт, дадлагад хамтран ажиллахыг урьсан нь бид бүхний ажлын гар нийлэмжтэй, багаар ажиллах чадавхыг үнэлсэн үнэлэмж байсан юм.