Чойжилсүрэн.Б 2016.09.30 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Сангийн сайд ирэх оны төсвийг өргөн барилаа

Сангийн сайд ирэх оны төсвийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.30/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. 

Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах зэрэг зарчмуудыг баримтлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тус тус төсөөлсөн байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхээргүй байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр буюу хуулийн хугацаанд багтаан өргөн барьж буйгаа Сангийн сайд танилцуулсан юм. 

Эдийн засгийн энэхүү хүндрэлээс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудын хүрэх хугацааг дахин сунгаж, шилжилтийн зохицуулалтыг дахин томьёолох шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016  онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас, 2020 оноос алдагдалгүй байхаар хуульчилсан юм. Дээрх зарчмуудыг тусган тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлэв