УИХ-ын дарга Ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ
2016.10.03

УИХ-ын дарга Ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж буй Эрхэм хүндэт ахмадууд аа,      

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Та нартаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа энх тунх, эсэн жаргалтай байхын ерөөлийг, чин сэтгэлийн халуун мэндчилгээтэй хамтатган дэвшүүлье. 

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын өдөр” болгохоор НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд, “Монголын ахмадын өдөр” хэмээн тэмдэглэхээр Монгол Улсын Засгийн газар 1992 онд зарлаж байсан билээ. Тэгэхээр энэ өдрийг дэлхий нийтээр 26 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 24 дэх жилдээ тэмдэглэж байна.  

Энэ өдөр бол Та бүхний эх орныхоо хөгжил цэцэглэлт, Монголын өрх айл, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө халуун залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсныг тэмдэглэн, хүндэтгэл үзүүлэх өдөр юм.  Та бүхнийхээ хураан хуримтлуулсан ажил, амьдралын гайхам үнэ цэнэтэй баялаг туршлагыг хойч үед өвлүүлэх, зөв мэргэн сургаал зөвлөгөөг тань сонсох, бүтээн бий болгосон бүхнээр бахархах нь энэ өдрийн бас нэгэн утга учир билээ.

Нөгөө талаар ахмадуудынхаа өөрт таарсан хөдөлмөр эрхлэх, зохистой хоол унд, хувцас, орон байраар хангагдах, мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, төрийн бодлого шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, нийгмийн халамж, хамгаалалд хамрагдах, нэр төр, алдар гавьяагаа хүндэтгүүлэх зэрэг эрхийг хэрхэн хангаж байгаа болон цаашид энэ чиглэлээр ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстойг дүгнэн цэгнэх өдөр мөн. Манай улсын хэмжээнд ахмад настны эрхийг хамгаалах чиглэлээр нэлээд олон хууль, тогтоомж, хөтөлбөр батлагдан хэрэгжиж байгаа.

Тэдгээр нь ахмад настны идэвхтэй, эрүүл, урт наслах боломжийг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх, Та бүхэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нэгтгэхэд чиглэж байна.

Монгол Улсын хүн ам 3.0 саяд хүрч, 2015 оны байдлаар хүн амын дундаж наслалт 69.9 байгаа бол 60 ба түүнээс дээш настай ахмадууд нийт хүн амын 10 орчим хувийг эзэлж байгаа нь Монгол төрийн бодлогыг ахмадууд руу чиглүүлэх үүрэг хариуцлагыг бий болгож байна.  2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газраас ахмад настнуудын эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого, аж байдлыг сайжруулахад чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Саяхан УИХ-аар баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргаж, “Ач санах” хуулийг батлуулж, азай буурлууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх. Ахмадын тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх. 

Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримтлах“Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгож, хүүхэд, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг нь өвлүүлэх ажлыг зохион байгуулах Ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулахыг дэмжих зэрэг зорилтууд багтсан. Энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлж, өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь өвлөн залгамжлах нь бидний ирээдүйн өмнө хүлээх үүрэг билээ.

Бид та нартайгаа ямагт хамт, хамгийн ойр байж, дэмжин тусалж, басхүү үг сургаал зөвлөмжийг тань сонсон, ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж байх болно.  Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байх болтугай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА

 МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД