Төв аймгийнхан Олон улсын стандартад нийцсэн цэцэрлэгтэй боллоо
2016.10.03

Төв аймгийнхан Олон улсын стандартад нийцсэн цэцэрлэгтэй боллоо

УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотноо шинээр баригдсан цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Мөн УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн Лю Юнь Шань оролцжээ.

Цэцэрлэгийг “Хангарьд UB” ТББ, “Энхтайван” найрамдлын сангийн хамтын ажиллагааны хүрээнд барьж байгуулсан ажээ. Нийт 200-300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, хоёр давхар, гаднаа хүүхдийн тоглоомын талбайтай, олон улсын стандартын дагуу баригдсан цэцэрлэгийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын санаачилгаар барьж байгуулсан байна.

Гаднах тоглоомын талбай нь хүүхэд тоглоход зориулагдсан зөөлөвч бүхий шалтай, тоглоомууд нь олон улсын стандартын шаардлагыг хангасан, хүүхэд унаж, бэртэхээс сэргийлсэн ажээ. Мөн аймгийн төвд анх удаа олон улсын стандартад нийцсэн цэцэрлэг баригдсан нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар Төв аймгийн Зуунмод хотод баригдсан дээрх цэцэрлэг болж байна.

Энэхүү цэцэрлэгийн байгууламж нь Г.Ганбаяр даргатай "Хангарьд UB" ТББ, "Энхтайван" найрамдлын сангийн хамтран хэрэгжүүлсэн гурав дахь төсөл болж байгаа юм. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийсэн хүүхдийн амбулатори дээрх хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлсэн хоёр дахь төсөл нь байв. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд шинээр бүрэлдсэн парламентын гишүүдээс хамгийн түрүүнд амлалтаа биелүүлж, тойрогтоо цэцэрлэг шинээр барьсан гишүүн болж байна.