Энхбаяр.Ж 2016.10.04 | Сонин: Монголын үнэн

Ирэх онд дээд зэргийн хэмнэлт явуулна

Ирэх онд дээд зэргийн хэмнэлт явуулна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурь

Намрын чуулганаар 2017 онд Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн болон, мөнгөний бодлого, төсвийг батлах ёстой.

Нөгөө талаар бидэнд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлээс аль болох богино хугацаанд гарах хямралын эсрэг Засгийн газрын өргөн барьсан хөтөлбөрийг батлах ёстой. Энэ багц асуудал намрын чуулганы гол сэдэв болно.

Өнөөгийн эдийн засгийн гүн гүнзгий хямралт байдал, гадаад өрийн дарамт, Монгол Улсын эдийн засагт гарсан хүндрэлийг бид өөрийн хүчээр давж гарч чадахгүй нь тодорхой. Мэдээж бид дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчилна.

Мөн гаднын олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр аргагүй байдал бий болсон. Үүнд ямар хамтын ажиллагаа байх вэ гэдгээ бид хэлэлцэж, зээл тусламж, хөгжлийн хөтөлбөрүүд байх уу, хөрш орнуудаас урт хугацааны бодлогын санхүүжилт, дэмжлэг авах уу гээд олон зүйлийг шийдэх байх.

Хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн орчин хангалттай байсан. Дөрвөн жилийн өмнө Монгол Улс дэлхийд хамгийн их хөрөнгө оруулагч татдаг үндэстэн болж чадсан шүү дээ. Жилдээ таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан.

Харин өнөөдөр бол Монголын хөрөнгө оруулалт тэг хувь болсон байна. Тэгэхээр хамгийн түрүүнд төр засаг өөрөө тогтвортой, бодлого нь ил тод, авлигаас ангид, хөрөнгө оруулагчдыг ямар нэгэн эрх зүйн тогтвортой байдлаар хангах, хууль бус ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, ажиллах орчин нөхцөлийг тодорхой болгох юм бол хөрөнгө оруулалт орж ирэх боломж, нөөц Монгол Улсад бий.

Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд ирэх онд дээд зэргийн хэмнэлт явуулна. Тухайлбал, төрийн албыг нэлээд цомхотгох ажил явуулах байх гэж бодож байна. Төрийн зардлууд, худалдан авалтыг багасгах, төсвийн орлогоор хийдэг хөрөнгө оруулалтуудыг тэглэх болов уу.

Ингэж бүсээ дээд зэргээр чангалж байж төсвийн алдагдлыг нөхнө. Нийгмийн хамгааллын өнөөгийн хүрсэн төвшинг унагаахгүй байх нь МАН-ын гол зорилт. Ачааллыг ард түмэнд үүрүүлэхгүй байх, ачааллыг төр, хувийн хэвшил үүрэх, олон түмэн, нийгмийн хамгааллыг хадгалж үлдэх нь ирэх оны гол зорилт байх болов уу гэж бодож байна.

Дараа нь бусад асуудлаа эрэмбэлэх байх. Өнөөдөр улс оронд тулгараад буй хамгийн гол асуудал бол хямралт байдлыг аль болох богино хугацаанд зогсоох, эдийн засгийн уналтыг тогтворжуулах, улмаар өсгөх хэрэгтэй байна. Хамгийн гол нь нийгмийн хамгааллыг өнөөгийн хүрсэн төвшин, цалин, тэтгэвэр, тэтгэмж энэ зардлууд халамжийн бодлогод үлдэж гарах ёстой.

Эхний ээлжид Засгийн газраас хамгийн хурдан хийх бололцоотой арга бол бондын бондын өрийг дахин гаргаж төлөх явдал юм. Нэг үгээр хэлбэл амьсгаа авна гэсэн үг шүү дээ. Жишээ нь, өнөөдрийн 10 төгрөгийг 11 төгрөгөөр төлөөд  хугацаагаа хойшлуулна гэсэн үг. Учир нь хоёр сарын дараа Монгол Улс бондын төлбөр төлж эхэлнэ.

Тэгэхээр төлбөрийн хугацаанд маневер хийх бодлогыг эхний ээлжид хэрэгжүүлэх байх. Ингэж нэг амьсгаа авч байж эдийн засгаа тогтворжуулах, дараагийн өр зээлээ төлөх боломжийг эдийн засагтаа бүрдүүлэх зорилго байна.