Бондын төлбөр: 2017 он айсуй
2016.10.04

Бондын төлбөр: 2017 он айсуй

МICC тэмдэглэл сонинд гарсан нийтлэл-ийг хүргэж байна. 2012 оны 4 дүгээр сард бичсэн тус нийтлэл энгийн уншигчдад маш ойлгомжтой, одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй гэж үзээд нийтэлж байна. 

Нийтлэлч олон улсын зах зээлд төгрөгөөр бус гадаадын валютаар бонд гаргасныг онцлоод хэрэв бондын амтанд хэт орж, буруу хэрэглэвэл энэ хэрэгсэл хоол биш хор болохыг урьдаар сануулж байжээ. 

Нийтлэлдээ Англи, Америк улсууд Засгийн газрын бонд амжилттай гаргаж, түүхэн хөгжлийн шатандаа гарч байсныг дурдаад, бондыг гурван талаас нь тайлбарлаж. Бондын хүү хэр бага байх, хугацаа хэр урт байх нь Монголд өгч буй олон улсын үнэлгээ бөгөөд хэрэв манай эдийн засаг эрсдэлтэй байвал хүү өснө, эрсдэл багатай бол хүү буурах зах зээлийн хуулийг ч нийтлэлдээ тусгажээ. 

Монгол Улсын Хөгжлийн банк 580 сая америк доллар-ын 5.75–6 хувийн хүүтэй 5 жилийн бонд гаргасан нь сүүлийн үед Монголын эдийн засагт болсон хамгийн чухал үйл явдал боллоо. Өнгөрсөн сард Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс бас бонд гаргасан (600 сая ам.долларын 8.875 хувийн хүүтэй 5 жилийн бонд).

Гэхдээ MMC шиг хувьцаат компаниуд (гадаадад бүртгэлтэй нь) бонд гаргаж л байдаг. Харин Хөгжлийн Банкны бондуудыг Монголын төр баталгаажуулах учир энэ нь Монголын Засгийн газрын гаргасан анхны гадаад валютын бонд юм. Үүгээрээ ч MMC-ийн бондуудаас хамаагүй илүү ач холбогдолтой билээ.

Анхаарахгүй өнгөрөөхөд амархан учраас бондын зах зээлийн ач холбогдлыг эргэж санахад илүүдэхгүй. Аливаа улс (засгийн газар) санхүүжилтийн уян хатан сонголтуудтай байх нь чухал байдаг. Гаднаас зээл авч чаддаггүй засгийн газрууд татварын орлогодоо хязгаарлагдаж, зарим нэг хөрөнгө оруулалтыг хийж чадахгүйд хүрдэг. (Энэ нь зээл авч чадахгүйгээсээ болоод байр авч чадахгүй байгаа айлтай төстэй юм.) Мөн гадны санхүүжилт нь эдийн засгийн савлагааг бууруулах хэрэгсэл болдог.

...Эдийн засаг уналтад орсон үед Засгийн газар зээлээр зарлагаа ихэсгэж, үүгээрээ улсын нийт эрэлтийг нэмэгдүүлж болно. Мэдээж буруу хэрэглэвэл (жишээ нь зээлийн "амтанд орж" хэт их өрөнд унавал) энэ хэрэгсэл хоол биш хор болно...
Ямартай ч Хөгжлийн Банкны бондын худалдаа нь Монголын санхүүгийн салбарын хөгжлийн нэг чухал алхам болно.

Түүхэнд аливаа засгийн газрын бондын амжилттай арилжаа нь тухайн улсад орчин үеийн санхүүгийн систем тогтохын эхлэл болж ирсэн. Тухайлбал Англи улс 1694 онд бонд гаргасан нь Английн санхүүгийн хөгжлийн эхлэл болж, яваандаа Англид “орчин үеийн” гэж хэлж болох санхүүгийн боловсронгуй систем үүссэн. Английн Банк (Bank of England, манай Монгол Банктай төстэй) энэ бондыг гаргахын тулд л анх байгуулагдаж байжээ. Өнөөг хүртэл Лондон хот дэлхийн санхүүгийн нэгэн төв байсаар ирсэн. Мөн Америкийн Засгийн газрын бондын анхны амжилттай арилжаа 1789 онд явагдсан бөгөөд дампуурлын ирмэг дээр байсан улс тавхан жилийн дотор мөн л орчин үеийн боловсронгуй санхүүгийн системтэй болсон байна. (“Санхүүгийн боловсронгуй систем”-д дор хаяж дараах зүйлс орно: улсын мөнгөн тэмдэгт, төв банк, банкны систем, үр бүтээмжтэй хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниуд, засгийн газрын зээл авах чадвар.)

Мэдээж Сангийн яам төгрөгийн бондыг дээр үеээс гаргасаар ирсэн. Гэхдээ долларын бонд гаргах нь илүү хүнд даваа юм. Гол ялгаа нь төгрөгийн бондоос мөнгөө эргүүлж авахгүй гэсэн эрсдэл хөрөнгө оруулагчдад байдаггүй. Учир нь Монголын төр төгрөгийг хэвлэж чадна. Төгрөгийн бондын гол эрсдэл бол үнийн өсөлт (өөрөөр хэлбэл төгрөгийн сулрал) билээ.

Бондуудыг бид гурван талаас нь тайлбарлаж болно: хэмжээ, хугацаа, хүү.

Нэг, хэмжээ. 580 сая долларыг Монголын Засгийн газар голдуу дэд бүтэц, барилга бүтээн босголтод зарцуулна. Хөгжлийн банкыг анхнаасаа ийм “хатуу” хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхийн тулд байгуулсан. Монголд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хүн болгон мэднэ.

Хоёр, хугацаа. Бондын хугацаа урт байх тусмаа эрсдэл багатай байдаг. Ялангуяа урт хугацааны дараа өгөөжөө өгдөг хөрөнгө оруулалтыг хийхэд хөрөнгө оруулагчид өнөө маргаашгүй мөнгөө нэхэхгүй байвал сайн. 5 жил багагүй хугацаа ч 10 жилийн бонд гаргах нь Монголын Засгийн газрын зорилго болж болох юм.

Гурав, хүү. Гадны хөрөнгө оруулагчид манай улсад (тодруулвал, манай улсын өрөө эргүүлж төлөх чадварт) ямар үнэлгээ өгч байгааг бид бондын хүүгээс харж болно. Доорх зургаас зарим улсуудын 5 жилийн ам.долларын бондын хүүг харж болно. 

2012 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар

Хөгжлийн Банкны бондыг анх 6-6.25 хувийн хүүтэй зарлахад 6.25 тэрбум ам.долларын захиалга ирж хүүг бууруулахад хүргэсэн. Харин бондыг арилжиж эхэлсэн өдөр хүү нь огцом унаж 5.41 хувь болжээ. Сонирхолтой нь бид энэ бондын хүүгээс хөрөнгө оруулагчид Монголын тухай юу гэж бодож байгааг өдөр тутам харж болох юм. Ирээдүйд Монголын эдийн засгийн эрсдлүүд нэмэгдвэл хүү өснө, багасвал хүү буурна.

Эх сурвалж: МICC тэмдэглэл сонинд гарсан нийтлэл. Эрхлэгч Б.Ачболд