Барилгын салбарт түгжигдсэн мөнгийг эргэлтэд оруулахын тулд 100 ам метр талбайг ипотекийн зээлд хамруулах нь зөв
Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатар
2016.10.05

Барилгын салбарт түгжигдсэн мөнгийг эргэлтэд оруулахын тулд 100 ам метр талбайг ипотекийн зээлд хамруулах нь зөв

Орон сууцны ипотекийн зээлийг 100 ам метр Болгохтой холбоотойгоор

Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатараас  тодрууллаа.

-Танай байгууллагаас хийсэн судалгаагаар өнөөдөр зах зээлд борлуулагдаагүй хэчнээн орон сууц байна вэ?

Бидний судалгаагаар бэлэн болсон ашиглалтад ороогүй 8000 айлын орон сууц байгаа. 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 25 мянган айлын орон сууц бий. Барилгын ажил нь бараг дуусч байгаа гэсэн үг. Харин суурийг нь тавиад ажил эхэлчихсэн 50- аас доош хувийн гүйцэтгэлтэй 10 гаруй мянган айлын орон сууц бий.

Нийт 32 мянган айлын орон сууц бэлэн байгаа гэж тооцоод нэг айлын орон сууцыг дунджаар 75 саяар бодоход 2.4 их наяд болж байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгө эргэлтэд орохгүй түгжигдсэн байгаа гэсэн үг.

Цаашдаа үнэ нь яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй. Одоогоор 85 мянган иргэнд 3.5 их наяд төгрөгийн моргейжийн зээл олгосон байгаа. Гэтэл дээр дурдсан эргэлтгүй байгаа орон сууцыг хөдөлгөхийн тулд Засгийн газраас арга хэмжээ авч хөдөлгөх нь зөв.

-Засгийн газраас ипотекийн зээлийг дээд тал нь 80 ам метр талбайтай орон сууц худалдан авахад олгодог байсан бол одоо 100 ам метр болгохоор тогтоосон. Гэтэл Монголбанкнаас энэ талаар хэрэгжүүлээд эхэллээ гэсэн тодорхой хариу байхгүй байгаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Монголбанкнаас яаж ийгээд зээл олголоо гэхэд хамгийн гол зүйл нь иргэдийг ажил орлоготой л болгох. Иргэд ажилтай, орлоготой бол зээлээ төлөөд байх боломжтой. Олон улсын дунджаар орон сууцны зээлээ 30 орчим хувиар төлж

байвал үүнийг боломжийн гэж үздэг. Ипотекийн зээлээ 100 ам метр талбай болгосон нь зөв. Гол нь дээр дурдсанчлан иргэдээ орлоготой болгох. Орлоготой хүн 100 байтугай талбайтай байр аваад төлөөд явах боломжтой.

Манайд хүн амын ихэнх нь орлого багатай ердийн орон сууцаар хангагдаагүй болохоос гаднын улс оронд орлогоос нь хамаараад иргэдэд ам метр талбайгаар хязгаарлахгүйгээр моргейжийн зээл олгодог. Бага болон бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах бодлогыг түлхүү хэрэгжүүлж эртнээс хэрэгжүүлсэн бол илүү олон айл байртай болох боломжтой байсан гэж боддог.

Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрт эхэлж, ард иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залуу гэр бүл, бага орлоготой зэргээр дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу.

-Мөнгөгүй, боломжгүй болчихоод байгаа энэ үед хаанаас мөнгө босгох вэ гэдэг нь гол асуудал болоод байгаа. Үүнийг шийдвэрлэх боломжийг хэрхэн харж байна вэ?

Гаднын их мөнгөтэй сангууд хаана байргүй иргэд байна тэнд зээл өгөх сонирхолтой байдаг. Монголын ипотекийн корпораци Засгийн газраар батлан даалгаад гадаадаас эх үүсвэр босгож болно.

Барилга орон сууцны салбарт оруулах хөрөнгө оруулалт буурвал зээл төлөлт буурч, банкны чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай. Мөн Төрийн оролцооноос хамаарч орон сууцны нийлүүлэлт хэт нэмэгдэж, эсвэл буурах хандлагатай болдог.

Энэ нь иргэдэд сонголт хийж худалдан авахад төвөг учруулж, орон сууцны үнэ урт хугацаанд тогтвортой байх боломжийг хаадаг. Тиймээс хувийн байгууллагын нийлүүлэлтийг дэмжиж, барилгын бүтээн байгуулагчдад урт хугацааны, тогтвортой үнэтэй орон сууц нийлүүлэх боломжийг бүрдүүлэх бодлогын зохицуулалт шаардлагатай.

Үүнээс гадна иргэдийн худалдан авах чадвар зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны дундаж үнээс доогуур байгаа нь орон сууцны борлуулалтад шууд нөлөөлж байна. Тиймээс орон сууцны үнийн зөрүүг зорилтот бүлгийн иргэдэд олгож урьдчилгааны тодорхой хэсгийг төлөх нь чухал бодлош байх боломжтой.