З.Нарантуяа 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

З.Нарантуяа: Томоохон төслүүдээ эрчимжүүлэх болсныг сайшааж байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхний хэлэлцэх асуудал бол 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх юм. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа улсын төсөвтэй холбоотой 4 асуудлаар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогыг 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт оруулж ирнэ гэж хэлж байсан боловч төсөв, түүнтэй холбогдох хуулийн төслүүдтэй хамт орж ирсэнгүй. Ирэх оны төсөв хэлэлцэж байх үеэр энэ бодлогын баримт бичгийг амжиж оруулж ирэх үү?

- Төсвийн орлогыг төлөвлөхдөө 2017 онд 600 тэрбум төгрөг, 2018 онд 500 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гаргасан байна. Оюу толгойн 2 дугаар шатны бүтээн байгуулалт эхэлж, Таван толгой, Гацуурт зэрэг том төслүүд ажиллаад эхэлбэл импортын татвараар 195 тэрбум орчим төгрөг орж ирнэ гэж төлөвлөсөн байна. Энэ нь том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдсэн зөв алхам гэж сайшааж байна. Үүнээс гадна экппортын орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх өөр ямар том төсөл хэрэгжүүлэх, тэрхүү төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар энэ төсвийн төсөлд оруулж ирсэн бэ?

- Хөдөө орон нутагт ажилгүйдэл их байна. Орон нутгийн жижиг үйлдвэрүүдэд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ оруулах шаардлагатай байна. Тиймээс энэ үйлдвэрүүдийг дэмжих, малчдын гар дээрх түүхий эдийг үнэд хүргэх талаар ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр 4-н салбарт 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр оруулж ирсэн. Энэ нэмэлт, өөрчлөлт нь 2017 оны төсвийн хуулийн төсөлтэй хамт яригдах уу, салангид байх уу?    

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогыг Засгийн газрын түвшинд боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Тус зөвлөлөөс дүгнэлт гараагүй байгаа учраас энэ удаад төсвийн төсөлтэй хамт өргөн барьж чадсангүй. Дүгнэлт гарснаар төсвийн төсөлтэй хамт хэлэлцээд явж болох байх.

Экспортын орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бид цаашид худалдааны орон байхаас татгалзах хэрэгтэй. Үйлдвэрлэгч орон болж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр иргэдээ орлоготой, ажлын байртай болгох хэрэгтэй. Тиймээс жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой ААН-үүдийг татвараар дэмжиж байна.

ХАА, малчдыг дэмжих тал дээр хамгийн хурдан үр ашгаа өгөх сүү боловсруулах үйлдвэр байгуулъя, арьс ширний боловсруулах  дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Боловсруулаагүй арьс ширийг экспортолж болохгүй гэсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний үр дүнд арьс, ширний үнэ бага боловч өссөн.