2016.10.10

Л.Болд: Эрдэнэтийн асуудлыг хэдэн сар шалгадаг юм бэ?

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Ерөнхий сайдаас дараах асуултыг асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд

Засгийн газраас хэд хэдэн төрлийн татвар нэмэх төсөл оруулж ирсэн ч УИХ эрс эсэргүүцэж, Засгийн газарт даалгавар өгсөн. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан түр хугацаанд аж ахуйн нэгжүүдээ татвар нэмэхгүй гэж хуурч байгаад сонгуулийн дараа татвар дахин асуудлыг дахиад оруулж ирэх вий дээ гэсэн болгоомжлол надад төрж байна. Ийм асуудал гаргахгүй гэсэн баталгаа хэрэгтэй байна.

ААН-үүд маш хүнд байдалтай байна. Хэрэв сонгуулийн дараа татварын дарамт үүсэхээр бол үнэхээр хэцүү байдалтай болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бол нэг улс төрөөр нөгөө улс төрийг дарах гэсэн оролдлого. 4-н салбарт 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэвээр тавиад явах уу, эсвэл сонгуулийн дараа буруу шийдвэр байж гээд эргүүлэн татах уу?

Засгийн газрын тодорхойгүй байдал ААН-үүдийг хохироож байна. Эрдэнэтийн асуудлыг хэдэн сар шалгадаг юм бэ? Яагаад энэ асуудлыг нэг тийш нь тодорхой болгочихгүй, энэ сонгуулиар зурагдсан пянз шиг ахиад ашиглах гээд байгаа юм бэ?

Зоригийн хэргээр таван сонгууль хийлээ шүү дээ. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

Татвар нэмэх асуудал бол 2016 оны төсвийг тодотгоход яригдаж байсан. Тухайн үеийн татвар нэмэх асуудал бол нийтийг хамарсан татвар байгаагүй. Зөвхөн тодорхой хэмжээнд илүү орлого олж буй хэсгээс татвар нэмж авъя гэсэн санаа байсан. Манай намын бүлэг ярилцаж байгаад татвар нэмэх асуудлыг хойшлуул гэсэн даалгавар өгсөн.

Манай намын мөрийн хөтөлбөрт ч тусгаснаар шинэ төрлийн татвар авахгүй, татварын шатлал бий болгох, бага, дунд орлого олж буй ААН-үүдийн татварыг нэмэхгүй, их хэмжээний орлого олж буй ААН-үүдийн татварыг нэмнэ гэсэн бодлого байсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд тодорхой 4-н салбарт бизнес эрхэлдэг ААН-үүдэд 1 хувийн татвар ногдуулахаар оруулж ирсэн.

Тухайн 4-н салбараас 10 хувийн татвар авахаа болъё, 10 хувийн татвар авчихаад хэсэг хугацааны дараа 90 хувийг буцаан олгоно гэж амлаагүй. Ерөөсөө л шууд нэг хувийн татвар ногдуулъя, энэ нь бизнестээ илүү ашигтай байх болно.