Оюутнууд 5 хувийн хүүтэй, барьцаагүй зээлээр сургалтын төлбөрөө төлдөг болно
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.10.06

Оюутнууд 5 хувийн хүүтэй, барьцаагүй зээлээр сургалтын төлбөрөө төлдөг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Оюутны хөгжлийн зээл олгох журмыг баталсан билээ. Энэхүү журмаар оюутнууд сургалтын төлбөрөө хөнгөлөлттэй, бага хүүтэйгээр зээлээр авах нөхцөл бүрдэж байгаа аж. 

Ингэхдээ боловсролын зээлийн санг байгуулж, зээлийн үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан олгоно. Өөрөөр хэлбэл, оюутан банкнаас зээлээ аваад сургуулийнхаа данс руу шилжүүлэх замаар зохицуулжээ.  

Оюутны хөгжлийн зээлийн журмаар гурав болон түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургууль суралцдаг айлын нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог болж байгаааж. Энэ нөхцөлөөр 1,500 орчим оюутан тусламж авах тооцоог холбогдох байгууллагуудаас гаргажээ. 

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутны хөгжлийн зээл нь хүү бууруулах зээл, богино хугацаатай, урт хугацаатай гэсэн гурван төрлөөр олгохоор тооцож байгаа. Эдгээр зээлүүд нь бүгд таван хувийн хүүтэй, барьцаагүй олгогдоно. 

Хүү бууруулах зээл гэдэг нь урьд нь банкнаас өндөр хүүтэй арилжааны зээл авч, сургалтын төлбөрөө төлсөн байвал оюутны хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх боломжтой болно. 

Богино хугацааны зээл нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээл. 

Урт хугацаатай зээл нь бакалаврын дээд боловсрол олгох 4-6 жилийн хугацаанд 10 хүртэл жилийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Энэ нь сургуулийн төгсөөд ажил хийн зээлээ төлөх боломжийг олгож байгаа хэлбэр юм. 

Эдгээр зээлийн хүүг тухай бүрт нь төлнө. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаатай таван хувийн хүүтэй сургалтын зээл авлаа гэхэд сар бүр найман мянган төгрөгийн хүү төлнө. 

Энэхүү зээлийг хүсэлт гаргасан оюутан болгонд олгох боломжтой. Хүсэлт гаргах оюутны тоог 70 мянга орчим гэж тооцож байгаа. Энэ нь зээл шаардлагатай бараг бүх оюутан гэсэн үг. Үүнийг энэ сардаа хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. 

Зээл авах шалгуур нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцдаг, голч дүнгээрээ 2.3-аас доошгүй дүнтэй оюутнуудыг хамруулж байгаа” гэлээ. Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Энэ зээлийг барьцаагүй олгоно гэж байна. Эрсдэлийг нь хэрхэн тооцож байгаа вэ?

Боловсролын зээлийн санд улсын төсвөөс эхний 1-3 жилд мөнгө төвлөрүүлнэ. Цаашдаа энэ зээл буцаж төлөгдөөд явахаар сан өөрөө эргэлтийн сантай болох юм. 

Эрсдэлийн хувьд бол арилжааны банк өөрсдийн журмаар зээлдэгчтэйгээ харилцан буцааж төлүүлэх асуудлыг хариуцна. 

-Тухайн оюутан суралцаж байгаа жил тус бүрээрээ зээл аваад явна гэсэг үг үү? 

Тухай бүрт нь авна. Хагас жилээр ч авч болно. 

-Зээлийн хамрах хүрээ нь ямар байх вэ. Бакалаврын зэргээс өөр түвшинд суралцаж байгаа хүмүүс энэ зээлийг авч болох уу? 

Энэ удаад зөвхөн бакалавраар хязгаарласан. Магистр, докторт суралцаж байгаа хүмүүс цөөн, дээр нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн санхүүгийн чадавхтай болсон гэж үзсэн. 

-Энэ зээлд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Ирэх оны төсөвт мөн суулгасан байх? 

Төсвийн тодотголоор энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Ирэх оны төсөвт 10 тэрбум төгрөг тусгасан байгаа. 

-Сургалтын зээлийг арилжааны банкуудаас дамжуулна гэсэн. Бүх банк энэ зээлийг олгох уу? 

Банкууд манай журамтай танилцаад Сургалтын төрийн сантай гэрээ байгуулж явна. Сургалтын төрийн сангаас саналаа арилжааны банкууд руу явуулах байх.