Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улс авах юм байгаа биз дээ?
2016.10.06

Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улс авах юм байгаа биз дээ?

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарсны дараах 36 сарын урамшуулал, хүүхдийн мөнгө, Эрдэнэтийн асуудал дээр төвлөрч байлаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдаас 5 багц асуудлаар асуулт асуулаа.  

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

- Ирэх жил Монгол Улсын төлөх өр үндсэн төлбөр, хүүгээ нэмэхээр 6 их наяд орчим төгрөг болж байна. Төсвийн орлого 5,9 их наяд орчим. Төсвийн бүх орлогоороо бондын үндсэн төлбөр, хүүг арай ядан төлөх хэмжээнд байдаг. Тэгсэн мөртлөө 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэх мэтчилэн мөнгө, санхүүтэй холбоотой ажлууд яриад байна. Яаж энэ бүх төлөвлөсөн ажлуудаа зохицуулж хийх гэж байгаа юм бэ? Засгийн газрын төлөх нь хэд, хувийн компаниудын төлөх дүн нь хэд юм бэ? Үүнийг ялгаж хэлж өгөөч.

- Эрдэнэтийн асуудал нилээн газар авах нь. Засгийн газар зарим шийдвэр гаргасан байна. Сангийн сайд асан Болорын санаачилсан тогтоолын төслийг хүчингүй болгосон гээд... Хамгийн гол зүйл бол Эрдэнэтийн 49 хувийг яах вэ гэдэг асуудал байна. Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улс авах юм байгаа биз дээ? Цаана чинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас нэг айхтар хуйвалдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн хоёр айхтар хуйвалдсан байна гээд. Энэ асуудалд Засгийн газар яаралтай хариу өгөхгүй бол алийгаа алдах нь байна.

- Хувьчлалын орлого гэж юм байна. Өнгөрсөн жил миний бие тогтоолын төслийг ахлаад ажиллаж байсан юм. Яг тогтоолын төслөөр явах гэж байна уу? Эсвэл өөр зүйл байна уу? Тухайн үед 170-аад тэрбум төгрөгийн хувьчлалын орлого олно гэж тооцоолж байсан.

- Бизнес эрхлэгчдээ ер нь яг яаж дэмжих гэж байна вэ гэдгийг тодорхой хэлж өгөөч. Яахав, 4 салбарын аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох гэж байгаа юм байна. Өөр ямар байдлаар бизнесүүддээ дэмжиж Монгол Улсыг босгож ирэх гэж байна вэ? Зээл тавиад, өр үүсгээд энэ улсыг цааш авч явахгүй.

- Орлого олбол, орлогоо хэмнэж чадвал төсвийн ерөнхийлөн захирагч нар тухайн орлогоо юунд зарцуулахаа өөрөө шийднэ гэж яриад байна. Зарчим бол зөв. Гэхдээ энэ асуудлыг зохицуулах бие даасан хууль болгон хэрэгжүүлэхгүй бол хэсэгчлэн байдлаар явахгүй дээ. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлагдаад, тухайн үеийн нөхцөл байдлыг аварсан юм даа.