Нямдорж.Ц 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө

Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар гарч буй элдэв шуугианы талаар мэдэгдэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

"Эрдэнэтийн тухай худлаа, үнэн зүйл ярилаа гээд нилээн шуугиж байна. Монгол Улс том ААН-үүдийнхээ орлого, зарлагыг зөв тооцсон байх гэж бодож байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд Эрдэнэт үйлдвэрийн татвар төлөлтийн талаар Татварын Ерөнхий газар болоод бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Намайг Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр мэдэгдэл хийчихсэн юмаа даа.

...Надад Засгийн газарт байхгүй мэдээлэл хүртэл байна шүү. Хангалттай, бүүр нотлох баримтын хэмжээнд авч үзэх мэдээллүүд байна. Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө...

2015 оны 6 дугаар сарын 23-нд Ташкентад гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон Эрдэнэтийн асуудлаар эцсийн цэг тавьсан. Би үүнийг л хэлсэн. Мэдэн будлиад байх хэрэггүй. Эрдэнэтийн татвар төлөлтийн байдал надад биш намын бүлэгт Татварын Ерөнхий газрын гаргаж өгсөн тоонууд байна. Улсын төсөвт төлсөн татварын хэмжээ нь энэ оны 8 сарын байдлаар авч үзсэн тоогоор 20 тэрбум төгрөг бол 9 сарын байдлаар 54 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна гэж Татварын ерөнхий газар тайлан гаргаж өгсөн байна.

Ноднин жил 323 тэрбум төгрөг төлж байсан. Одоогийн хэмжээ нь өмнөх оноос 300 тэрбум төгрөгөөр дутуу байна гэсэн үг. ТЕГ-т орж ирсэн орлого буцаад цалин, тэтгэвэр болж гардаг. Гэтэл Эрдэнэттэй адилхан үйл ажиллагаа явуулж буй Оюу толгой оны эхний 9 сарын байдлаар 278 тэрбум төгрөгийн татвар төлсөн байгаа юм.

Урьдчилгааны талаар асуудал яригдаад байгаа юм. Эрдэнэт үйлдвэр урьдчилаад 70 тэрбум төгрөгийн татвар төлсөн гээд байгаа. Тэгвэл Оюу толгой 140 тэрбум төгрөгийн татвар урьдчилж төлсөн байна. 140 тэрбум төгрөгийн татвар урьдчилж төлчихөөд ахиад 278 тэрбум төгрөгийн татварыг Оюу толгой төлчихөөд байна.

...278, 54 гэсэн хоёр тооны хооронд асар их зөрүү байгаа биз?...

Тиймээс учраас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр томоохон ААН-үүдийн орлого, зарлагыг сайтар авч үзэхийг байнгын хороонд санал болгож байна. Энэ асуудлыг хэлэлцье. Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалахын төлөө их ажил хийх юм шиг байна. Өчигдөр хоёр сэтгүүлчийг надаас 45 сая төгрөг авч, нэвтрүүлэгт орсон гэж гүтгээд өнөөдөр орой Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн Ц.Даваацэрэн гэх хүмүүс сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх ажлыг зохион байгуулах гэж байна.

...Цаашид Эрдэнэтийн луйврыг дарах бүх ажиллагаа явагдана. Явагдана даа...

Тийм учраас Эрдэнэтийнхээ асуудлын учрыг олоорой. Би хэрэгт дуртайдаа ингэж байгаа юм биш үү. Энэ олигархийн бүлэглэл чинь луйвар, хуйвалдааныг зохион байгуулчихаад ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад энэ улсыг чинь самарчих гээд байгаа учраас энэ асуудлыг хөндөөд байгаа юм.

Хэрэв Эрдэнэтийн асуудал Ерөнхийлөгчийн түвшинд яригдах болсон юм бол анхнаасаа УИХ-д энэ асуудлыг оруулж ирэхгүй яасан юм бэ?"